Г.МӨНХБАЯР: САНГИЙН ЯАМ, МОНГОЛБАНК ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ ШИЙДЭХ ҮҮРЭГТЭЙ

Г.МӨНХБАЯР: САНГИЙН ЯАМ, МОНГОЛБАНК ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ ШИЙДЭХ ҮҮРЭГТЭЙ

-Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, орон сууцны ам.метрийн дээд хязгаарыг 100 ам.метр хүргэх шийдвэрийг өчигдөр /2016.09.28/ Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн судалгаагаар 80 ам.метрээс дээш орон сууц авах хүсэлтэй иргэд зээлд хамрагдаж чадахгүй байна. Иймээс Засгийн газраас ажлын хэсэг гаргаж, судалгаа хийсэн. Хэдийгээр мөнгөний эх үүсвэр хүнд байгаа ч хүмүүсийн хэрэгцээ шаардлагад нийцсэн орон сууц зээлээр олгох үүднээс орон сууцны зээлийн дээд хэмжээг 100 ам.метрт хүргэж, үргэлжлэх шаардлагатай гэж үзсэн. 100 ам.метрээс дээш хэмжээтэй орон сууц авах хүсэлтэй хүн илүү мөнгийг өөрөө төлөөд явах бололцоотой гэж харж байгаа. Ингэхээр бүх хүмүүс зээлд хамрагдах боломжтой болж байгаа юм.

-Зээлийн эх үүсвэрийг хаанаас гаргах вэ?

-Монголбанкнаас асуу.

-Монголбанк ипотекийн зээлийг 100 ам.метр хүргэх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байсан шүү дээ?

-Үгүй дээ. Монголбанк бол Монголын иргэдийн төлөө ажиллах ёстой байгууллага. Энэ асуудлыг Монголбанк хүлээн зөвшөөрөхгүй байна гээд зогсоож болохгүй.Валютын нөөцийг нэмэгдүүлээд, шинэ нэмэлт эх үүсвэрээр шийдэгдэх учраас бид ийм шийдвэр гаргасан.

-Хэзээнээс ипотекийн зээл олгож эхлэх вэ?

-Энэ онд багтаж хэрэгжүүлнэ.

-Одоогоор зах зээлд зарагдаагүй орон сууц хэд байна вэ?

-Ойролцоогоор 32 мянган орон сууц борлуулагдаагүй байна. Тэр байтугай Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн шугамаар 300 тэрбум төгрөг гаргаж, Буянт-Ухаа 1,2 хороолол болон аймаг орон нутагт барьсан барилгуудаас ч борлогдоогүй орон сууц бий. Тэгэхээр үүнийг бас шийднэ.

-100 ам.метрээс дээш талбайтай борлуулагдаагүй орон сууц хэд байна вэ?

-Зарагдаагүй орон сууцны дундаас ихэнх нь байсан.

-100 ам.метрээс дээш орон сууц зээлээр авах хүсэлтэй хэдэн иргэн байна вэ?

-Ийм судалгаа банкин дээр байгаа.

-Ипотекийн зээлийн эх үүсвэрийг хэрхэн шийдэх вэ?

-Барилгын яам бол хөрөнгө мөнгө шийддэг яам биш. Бид иргэд рүү чиглэсэн бодлого хэрэгжүүлж, амьдралд ойрхон шийдвэр гаргахын төлөө л ажиллана.Ипотекийн зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг бол Сангийн яам, Монголбанк шийднэ.

-Хөдөө орон нутагт таван хувийн зээл олгоно гэж яригдаж байсан. Энэ тоо өөрчлөгдсөн үү?

-Засгийн газрын тогтоолоор ганцхан асуудал журамласан. Тодруулбал, орон сууцны зээлд 80 ам.метрийг 100 ам.метрт хүргэж өргөжүүлсэн. Хүүг бол тодорхой хэмжээгээр хөндөөгүй. Найман хувийг Улаанбаатар хотод үргэлжлүүлнэ. Цаашид ярилцаж байгаад хөдөө орон нутагт хүүгийн хэмжээ арай өөр байхаар шийдэж, үргэлжлүүлэх боломжтой.

-Орон нутагт орон сууцны зээлийг найман хувиас арай доогуур тогтооно гэж ойлгож болох уу?

-Орон сууцны таван хувийн зээлийг манай яам санал болгоно. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй. Улаанбаатар хотод таван хувиар орон сууц олгоод байвал Баян-Өлгийд амьдарч байгаа иргэн хотод байр авахыг хүснэ. Тэгэхээр бид хотын төвлөрлийг эдийн засгийн бодлогоор сааруулах бодлого баримтална. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутагт орон сууцны зээл олгохдоо найман хувь биш арай бага байна. Эцсийн шийдвэр гараагүй.

-Ипотекийн зээл хэр удаан тогтвортой хэрэгжих вэ?

-Миний харж байгаагаар найман хувийн орон сууцны зээл аль ч Засгийн газрын үед хэрэгжээд явна.

Эх сурвалж: Сэтгүүлч Т.Давааням /www.news.mn/

Доорх линкээр холбогдон Сайд Г.Мөнхбаярын Блүүмбэрг телевизэд өгсөн дэлгэрэнгүй ярилцлагыг үзнэ үү.

www.bloombergtv.mn


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан