ХББОС-ЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН "НОГООН НУУР-1008 АЙЛЫН ОРОН СУУЦ"-НЫ ТӨСЛИЙН БАРИЛГЫГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ
БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжсэн “Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны хорооллын төслийн барилга байгууламжийг хүлээлгэн өгөх, ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
“Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төсөл нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд агаарын бохирдол, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилготой юм.
Ёслолын арга хэмжээг нээж ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан хэлсэн үгэндээ “Анх 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчлах үедээ 1 тэрбум юанийн буцалтгүй тусламжийг Монгол Улсад олгохоор шийдвэрлэснээс хойш 2016 онд хоёр улсын Засгийн газар хооронд “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг байгуулж, 2018 онд “Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төслийг дээрх буцалтгүй тусламжийн хөрөнгөнөөс хэрэгжүүлэхээр талууд харилцан тохиролцсон.
2022 оны зургаадугаар сараас эхлэн барилга угсралтын ажил эхэлсэн. Өнөөдөр бодит ажил болон биелж, 1008 айл өрх шинэ орон сууцны үүдийг нээхэд бэлэн боллоо. Энэхүү төслийг хэрэгжүүлэх явцад хамтран ажиллаж, үүргээ бүрэн биелүүлсэн БНХАУ-ын инженер техникийн ажилтнууд, гүйцэтгэгч компани, Монгол Улсын талаас уг төслийн хэрэгжилтэд гар бие оролцсон компаниудад гүн талархал илэрхийлье” гэв.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань “Монгол Улс, БНХАУ хоорондын найрсаг харилцаа, стратегийн түншлэл жилээс жилд өргөжин гүнзгийрч байна. Энэхүү төслийг дуусгаж, хүлээлгэн өгч байгаа нь Хятад, Монголын нөхөрлөлийг улам бэхжүүлэх, хоёр орны ард түмний найрсаг харилцааг бэхжүүлэх, "Бүс ба Зам" санаачилгын бүтээн байгуулалтыг ахиулахад хувь нэмэр оруулж байгаа” талаар онцлов.
Төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр “Хятад Улсын Хоёр дахь металлурги групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын 20 гаруй компани ажилласан бөгөөд тус 1008 айлын орон сууц нь цутгамал төмөр бетон зоорьтой 21 давхар, 8 блок барилгаас бүрдэнэ. Давхартаа 49.95, 55.04 мкв хоёр өрөө, 6 айлтай юм.
Тус арга хэмжээнд ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан, Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань, Бугат хотын орлогч дарга Лэй Дяньжюнь нарын бусад албаны хүмүүс оролцлоо.