ЭМГЭНЭЛ

АВИРМЭДИЙН ЦАГААНХҮҮ
/1942-2026/
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны ахмад ажилтан, Монгол Улсын Зөвлөх инженер Авирмэдийн Цагаанхүү нь 2026 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр таалал төгсөж бидэнд хүнд гарз тохиолоо.
А.Цагаанхүү нь 1942 онд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын “Цагаан суварга” хэмээх нутагт төржээ.
1955 онд сумын бага сургууль, 1958 онд Өмнөговь аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1962 онд Улаанбаатар хотын Барилгын техникум, 1972 онд МУИС-ийн Барилгын инженерийн факультетэд элсэн суралцаж, барилгын инженер мэргэжил эзэмшжээ.
Тэрбээр 1962-1964 онд Барилгын Техникумд барилгын мэргэжлийн багш, 1964-1967 онд Баянхонгор аймаг дахь Барилгын ТМС-ийн хичээлийн эрхлэгч, 1972-1974 онд Сайд нарын Зөвлөлийн Барилга Архитектурын комисст барилгын норм норматив, Түүх соёлын дурсгалт барилга байгууламжийн асуудлууд хариуцсан мэргэжилтэн, 1974-1988 онуудад Барилгын Архитектур,техник хяналтын улсын хорооны Улсын барилга, уул техникийн байцаан шалгах газарт улсын байцаагч, Улсын ахлах байцаагч,
1988-1992 онд Барилгын техникумд инженер багш,
1992 оноос “Арц суврага” ХХК, “Нарны цаг” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдэд ерөнхий инженер, зөвлөх инженерээр ажиллаж байжээ.
Түүх соёлын дурсгалт барилга болон хуучин барилгын гэмтэл эвдрэлийн шалтгааныг судалж тогтоох, сэргээн засварлах,
газар хөдлөлттэй газарт барих барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын чанарыг сайжруулах,
ашиглалтад байгаа барилгуудын ашиглалт түүнд үүссэн гэмтэл эвдрэлийн шалтгааныг шалгаж, барилгын хувийн хэрэг, баримт бичгийн боловсруулалтыг боловсронгуй болгох зэрэг чухал асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн мэдлэг чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулж Их барилгын салбарт тасралтгүй 60 гаруй жил ажилласан манай шилдэг удирдан зохион байгуулагч, сурган хүмүүжүүлэгч байсан төдийгүй улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан манай шилдэг инженерүүдийн нэг байлаа.
Түүний хөдөлмөр зүтгэл, ажил үйлсийг төр, засгаас өндрөөр үнэлж “Тэргүүний барилгачин”, “Улсын хяналтын тэргүүний ажилтан” зэрэг салбарын шагналаар, Монгол Улсын төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас одон”-оор тус тус шагнажээ.
Талийгаачийн барилгын салбарт хийсэн бүтээсэн ажил, хөдөлмөр, нөхөрсөг, хүнлэг, нандин зан чанар, эгэл даруу гэгээн дүр нь бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.
Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олон, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН, ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАЯРАА, АЛБАН ХААГЧИД.
2026.09.22