ЭМГЭНЭЛ

 СОНОМЫН ЛУВСАНГОМБО

(1924-2026)

          Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга асан, батлан хамгаалах салбарын ахмад зүтгэлтэн, хурандаа генерал Сономын Лувсангомбо нь 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Сономын Лувсангомбо нь 1924 онд Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу, одоогийн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт төрж, 1944 онд цэргийн албанд татагдан 1945-1948 онд Зөвлөлт Холбоот Улсын Тамбов хотын Артиллерийн техникийн цэргийн дунд сургууль, 1948-1954 онд Москва хотын Артиллерийн инженерийн академийг тус тус дүүргэж, цэргийн дээд боловсрол, Зөвлөлт Холбоот Улсын Барилгын инженерийн дээд сургуульд барилгын инженер-технологичийн мэргэжлийг эзэмшсэн байна.

Тэрээр цэргийн албанаас хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1954 онд Цэргийн сургуулийн багш, 1959-1964 онд болон 1968-1971 онд Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, 1964-1968 онд Улсын барилгын зөвлөлийн орлогч дарга, 1971-1972 онд Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дарга, 1972-1982 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга бөгөөд Барилга архитектурын комиссын дарга, Барилга, архитектур, техник хяналтын улсын хорооны дарга, 1982-1984 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд, 1984-1989 онд Сайд нарын Зөвлөлийн орлогч даргын албан тушаалыг тус тус хашиж байжээ. Түүнчлэн Ардын Их Хурлын депутат, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хорооны гишүүн, Улс төрийн товчооны орлогч гишүүн, Улсын батлан хамгаалах зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдож,       Монгол-Вьетнам, Монгол-Лаос, Монгол-Унгар, Монгол-Германы Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комиссын Монголын хэсгийг удирдан ажиллаж байв.

Хурандаа генерал С.Лувсангомбо нь цэрэг, иргэний салбарын хамтын ажиллагаа, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон Монгол Улсын бүтээн байгуулалт, их барилгын хөгжил, байгаль орчин, ой модны аж үйлдвэр зэрэг олон салбарыг өргөжүүлэн хөгжүүлэхэд өөрийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрөө зориулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтний нэг юм.

Төр, засгаас түүний хөдөлмөр, зүтгэлийг өндрөөр үнэлэн 2008 онд Монгол Улсын гавьяат барилгачин цол хүртээж, 1954 онд Байлдааны медаль, 1957 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1966 онд Алтан гадас  одон, 1971, 1984 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1974 онд Сүхбаатарын одонгоор тус тус шагнажээ. Түүнчлэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн       1982 оны 52 дугаар тогтоолоор хурандаа генерал цолыг хүртээсэн байна.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга асан, хурандаа генерал Сономын Лувсангомбын хүнлэг энэрэнгүй, нөхөрсөг зан, ажилч хичээнгүй чанар нь бидний зүрх сэтгэлд мөнхөд орших болно.

Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олон, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН, 

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАЯРАА, АХМАДЫН ЗӨВЛӨЛ, АЛБАН ХААГЧИД.

 

2026.11.09


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан