МЭНДЧИЛГЭЭ
МЭНДЧИЛГЭЭ
Хот байгуулалт, Барилга, Орон сууцжуулалтын салбарын нийт ажиллагсад, инженер техникийн ажилтнууд, үе үеийн ахмадууд, алдар гавьяатнууд, бүтээн байгуулагчид, үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, Төрийн бус байгууллагын төлөөллүүд Та бүхний амар мэндийг айлтган мэндчилье.
Хот суурин газрыг бий болгох, иргэдийн ая тухтай, эрүүл орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх нөр их үйлсэд Барилгачид, орон сууц, нийтийн аж ахуйн ажилтнууд Та бүхний хөдөлмөр зүтгэл, мэргэжлийн өндөр ур чадвар онцгой үүрэгтэй болохыг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.
Монгол Улсын барилгын салбарт өдгөө 80 мянга гаруй хүн ажиллаж, 2024 оны эхний нэгдүгээр улирлын байдлаар 2,1 их наяд төгрөгийн барилга угсралт, их засварын ажлыг гүйцэтгэж, энэ оны хагас жилийн гүйцэтгэлээр Улсын хэмжээнд 8347 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан статистик мэдээлэл Та бүхний бүтээн байгуулалтын нөр их ажил үйлсийг гэрчилнэ.
Бид Орхоны хөндийд Шинэ Хархорум хотыг төлөвлөн бүтээн байгуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын “Алсын хараа-2050” баримт бичиг, шинээр бүрэлдсэн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан “Шинэ Хархорум” хотыг байгуулахдаа олон улсын төлөвлөлтийн тэргүүн туршлагыг нэвтрүүлж ажиллах болно.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт энэ онд 140 төсөл арга хэмжээг үе шаттай санхүүжүүлэхээр тусгасан бөгөөд 81 төсөл өмнөх онуудаас дамжин хэрэгжиж байгаа бол 59 төсөл арга хэмжээг шинээр хэрэгжүүлнэ. Мөн гадны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Ногоон нуур-1008 айлын орон сууц, Залуус-1, Солонго-1, 2 хорооллын нийт 11 мянга гаруй өрхийн орон сууцны барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, ашиглалтад оруулан ажиллана.
Орон сууцны санхүүжилтийн хүрээнд 2024 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 7644 иргэнд 881,762 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг олгосон бөгөөд зээлийн санхүүжилтийг тогтвортой үргэлжлүүлэх чиглэлийг барих болно.
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хоногт 250.000 м3 бохир ус цэвэрлэх хүчин чадалтай шинэ төв цэвэрлэх байгууламжийг ирэх онд хугацааны хоцрогдолгүй ашиглалтад оруулахад онцгой анхаарч, мөн Азийн хөгжлийн банкны хөнгөлэлттэй зээлээр Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Завхан, Увс, Дархан-Уул, Орхон зэрэг 7 аймгийн цэвэрлэх байгууламжийг шинээр барьж, ашиглалтад өгөх ажлыг эрчимжүүлнэ.
Салбарын үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр хууль эрх зүйн шинэчлэл, барилгын норм нормативын баримт бичгийн зохицуулалтуудыг боловсронгуй болгох, цаг үеийн шаардлагад нийцүүлэх, инженер техникийн мэргэжилтэй ажилтнуудыг сургаж мэргэшүүлэх чиглэлд өндөр ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлэхийг хүсч байна.
Цаашид манай салбарын байгууллагууд бодлого, үйл ажиллагаандаа орчин үеийн шинэ, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, хяналтын тогтолцоогоо боловсронгуй болгож, байгаль орчинд ээлтэй, аюул осолгүй үйлдвэрлэл явуулахад анхаарч, манлайлан ажиллана гэдэгт миний бие бүрэн итгэлтэй байна.
Улс орны хөгжил цэцэглэлтийн төлөөх бүтээн байгуулалтын үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД
ЖАМБЫН БАТСУУРЬ