Газрын гүний дулааны нөөцийг Улаанбаатар хот орчимд тодорхойлох суурь судалгааны ажлын явцын талаар

Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс Улаанбаатар хот орчмын газрын гүний дулааны хэтийн төлөвийг соронзон-теллурикийн (МТ) арга зүйд тулгуурлан тодорхойлох суурь судалгааны ажлыг Шинжлэх ухааны академи /ШУА/-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Цахилгаан соронзон судлалын лабораторийн эрхлэгч, PhD.Э.Батмагнай ахлагчтай судалгааны баг хэрэгжүүлж эхлээд байна. Уг суурь судалгааны ажлын геологи, гидрогеологийн судалгааны хэсгийг ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн Региональ геологийн салбарын эрхлэгч Б.Энхдалай хариуцан гүйцэтгэж байна.

            Судалгааны ажлын хүрээнд Улаанбаатар орчмын 50 км х 60 км талбайд өмнө нь хийгдсэн геологи, геофизик болон гидрогеологийн судалгааны мэдээллүүдийг цуглуулах, тэдгээр өгөгдөлд дахин боловсруулалт, дүн шинжилгээ хийж, шинээр геофизикийн хэмжилтүүд,  сансрын зургийн тайлалт болон усны химийн шинжилгээ хийх замаар судалгааны талбайд газрын гүний дулааны боломж байгаа эсэхийг үнэлэх ажлууд үе шаттайгаар хийгдэж байна. Соронзон-теллурикийн хээрийн хэмжилтээр цуглуулсан өгөгдөлд Швейцарийн /ETH/ Цюрихын Технологийн Их Сургуулийн Euler” нэртэй өндөр хурдны суперкомпьютерын тусламжтайгаар тооцоолол хийж, Улаанбаатар хот орчмын анхны цахилгаан эсэргүүцлийн 3D загварыг урьдчилсан байдлаар гаргаад байна (Зураг 1).

Зураг 1. Улаанбаатар хот орчмын анхны цахилгаан эсэргүүцлийн 3D загвар

            Уг цахилгаан эсэргүүцлийн региональ загварыг дээр дурдсан бусад судалгааны үр дүнгүүдтэй нэгтгэх ажлууд хийгдэж байгаа бөгөөд урьдчилсан үр дүнгээр шинээр төлөвлөж буй Хүннү хот болон Сэлбэ дэд төвийн ойролцоо газрын гүний дулааны хэтийн төлөв сайн ажиглагдаж байгаа нь эдгээр хот, төвүүдийг шинэ технологи ашиглан байгаль орчинд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчний дулаанаар хангах боломжтой байгаа нь харагдаж байна. Энэ удаагийн судалгааны үр дүн дээр үндэслэж дараагийн шатны урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл болон гол судалгааны ажлууд хийгдэх юм. Судалгааны ажлын явц одоогоор 80 гаруй хувьтай явагдаж байна.

            Тус яам нь захиалагчийн хувьд уг судалгааны ажлын явцад захиалагчийн хяналтыг тавьж байгаа бөгөөд холбогдох өгөгдөл, мэдээллийг бэлдэж өгөх, бусад дэмжлэгийг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүннүү хотын захиргаа болон ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнтэй хамтран ажиллаж байна. Энэхүү суурь судалгааны ажил нь дараа дараагийн төсөл, арга хэмжээнүүдэд, жишээ нь Хүннүү хотын дулаан хангамж, болон Улаанбаатар хотын Сэлбэ дэд төвийн дулаан хангамжийн төслүүдэд ашиглагдах тул төслийн явцын мэдээллийг тухай бүрт холбогдох байгууллагуудад хүргүүлэн ажиллаж байна /Зураг 2/.

Зураг 2. Газрын гүний дулааны нөөцийг Улаанбаатар хот орчимд тодорхойлох суурь судалгааны ажлын явцтай танилцах ажлын уулзалтын үеэр /2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн, Хурлын танхим/


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан