МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН ПАРЛАМЕНТЫН СЕНАТЫН ТАНХИМЫН ДЭД ДАРГА ХАТАГТАЙ ИЙТКА СЕЙТЛОВАТАЙ УУЛЗЛАА.
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Сенатын Танхимын дэд дарга хатагтай Ийтка Сейтлова нар уулзаж, хоёр улсын хот байгуулалт, газар төлөвлөлт, барилгын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Талууд газар төлөвлөлт, хотжилт, дэд бүтцийн тэнцвэртэй хөгжлийн хүрээнд Монгол Улсын газар ашиглалт, хүн амын төвлөрлийн онцлог, Чех Улсын хот доторх орон зайн төлөвлөлт, иргэдийн оролцооны системийн талаар ярилцлаа.
Уулзалтын эхэнд ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн хамтарсан тунхаглал гарын үсэг зурсан нь хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан чухал үйл явдал болсныг онцлов. Уг айлчлалын хүрээнд “Хархорум” болон “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалт, дэд бүтэц, нийтийн тээврийн салбарт хөрөнгө оруулах, хамтран ажиллах саналуудыг тавьсан болохыг дурдлаа.
Мөн тэрээр Монгол, Чех хоёр улс ХХ зууны дунд үеэс боловсрол, барилга, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, инженерийн чиглэлээр өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн түүхтэйг онцлон, 1960–1980-аад онд Чехийн инженер, техникийн мэргэжилтнүүд Монголд ажиллаж, үйлдвэр, орон сууц, дэд бүтцийн олон төслийг хэрэгжүүлсэн нь өнөөг хүртэл улс орны хөгжилд чухал хувь нэмэр оруулсныг тэмдэглэв.
БНЧУ-ын Сенатын танхимын дэд дарга Ийтка Сейтлова Монгол Улсад хийж буй айлчлалын сэтгэгдлээ хуваалцаж, Монголын хөгжлийн хурдыг өндрөөр үнэлж, хоёр улс хот байгуулалт, газар ашиглалтын бодлого, мэргэжлийн сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтойг илэрхийллээ. Тэрээр “Газар бол улсын үндэс” хэмээн Модун шаньюгийн хэлсэн үгийг эш татаж, Чех улс жижиг газар нутагтай ч хүн ам нягт, газар ашиглалт, хот төлөвлөлтийн чиглэлээр олон төрлийн арга туршлагатай болохыг дурдав.Чех Улс хүн амын нягтаршил ихтэй жижиг улс хэдий ч газар ашиглалт, өмчлөлийн уялдаа, хот доторх орон зайн төлөвлөлт, иргэдийн оролцооны тогтолцоо сайн хөгжсөн болохыг танилцуулж, эдгээр чиглэлээр Монгол Улстай туршлага солилцох, мэргэжлийн сургалт, судалгааны түвшинд хамтрах боломжтой гэдгийг илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан хоёр орны уламжлалт найрсаг харилцаа цаашид бодит, үр дүнтэй хамтын ажиллагаанд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, Чехийн төлөөлөгчдөд Монгол дахь айлчлал нь амжилттай, үр дүнтэй байхыг хүсэн ерөөлөө.