УЛААНБААТАР ХОТЫН ҮЙЛДВЭРИЙН ХАЯГДАЛ УСНЫ ХЯНАЛТЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ТАЙЛАНГИЙН СЕМИНАР БОЛЛОО
Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам 2022 оноос эхлэн Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Улаанбаатар хотын үйлдвэрийн хаягдал усны хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн зорилго нь Улаанбаатар хотын үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг багасгах, хаягдал усны чанарыг сайжруулах, төв цэвэрлэх байгууламжид ирэх үйлдвэрийн хаягдал, усны бохирдлын хэмжээг бууруулахад оршино.
Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын үйлдвэрийн хаягдал усны хяналтын чадавхыг бэхжүүлэх төслийн тайлангийн семинар боллоо.
Семинарыг нээж ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа үг хэллээ. Тэрбээр “Засгийн газрын 2021 оны оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 53 дугаар тогтоолоор “Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-г батлуулсан. Төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор ХББОСЯ-наас Ажлын хэсгийг байгуулан хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Хаягдал ус урьдчилан цэвэрлэх байгууламжаас гарах лагийг тусгаарлах, хадгалах, цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах болон устгах журмын төслийг бэлэн болгосон” талаар онцлов.
ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Мияаги Кэнсүкэ уг төсөлд хамтран ажилласан байгууллагуудад талархал илэрхийлээд "Шинэ төв цэвэрлэх байгууламж болон ус гүн цэвэршүүлэх үйлдвэр удахгүй ашиглалтад орно. Тиймээс ААН-үүд үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламжийг суурилуулах нь чухал ач холбогдолтой” гэв.
Үргэлжлүүлэн ХББОСЯ-ны Нийтийн аж ахуйн бодлого, зохицуулалтын газрын Орон сууцны ашиглалт, үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн П.Очирдаваа төслийн хэрэгжилтийн явцын талаар танилцуулга хийлээ. Уг танилцуулгад:
“Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 52 дугаар тушаалаар нийт 17 байгууллагын 25 гишүүний бүрэлдэхүүнтэй шинэчилэн байгуулан ажиллаж байна.
Төлөвлөгөөнд тусгагдсан нийт 60 арга хэмжээний 22 нь 100 хувь, 14 нь 71-90 хувь, 12 нь 50-70 хувийн биелэлттэй байна.
Харин үүнээс 12 арга хэмжээ 50 хувиас бага биелэлттэй байгааг анхаарч, хариуцсан байгууллагууд шуурхай арга хэмжээ авч, уг ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа талаар дурдагдав.