ЭМГЭНЭЛ

НАМЖИРМААГИЙН ЭРДЭНЭСАЙХАН /1960-2025/

Монгол Улсын Гавьяат барилгачин, “Тэнгэрийн тэмдэг” ХХК-ийн ерөнхий захирал Намжирмаагийн Эрдэнэсайхан нь 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр таалал төгсөж бидэнд хүнд гарз тохиолоо. Н.Эрдэнэсайхан нь Завхан аймгийн Тэлмэн суманд 1960 онд төржээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын бага, дунд сургуулийг төгсөж, 1978 онд Барилгын техникумын хөдөлмөр эдийн засгийн анги, 1982 онд Политехникийн дээд сургуулийг барилгын технологич инженер мэргэжлээр төгсөн улмаар 1989 онд Марксизм-ленинизмийн дээд сургуулийн эдийн засгийн ангид сурч төгсчээ.

Н.Эрдэнэсайхан нь 1982-1986 онуудад Техник туслалцааны угсармал орон сууцны барилга трестийн цалин хөлсний хэлтэст эдийн засагч, 1986-1989 онд аж ахуйн нэгдсэн тооцоотой улсын чанарын аварга бригадын даамал, дарга, 1989-1992 онд угсармал барилгын үйлдвэрлэлийн нэгдэлд боловсон хүчний эрхлэгч, 1992-1996 онд угсармал барилгын үйлдвэрлэлийн нэгдлийн “Асар” ХХК-д авто баазын дарга, 1997 оноос “Тэнгэрийн тэмдэг” ХХК-ийн ерөнхий захирал зэрэг хариуцлагатай албыг тус тус хашиж байжээ.

Н.Эрдэнэсайхан нь их барилгын салбарт тасралтгүй 40 гаруй жил ажилласан манай шилдэг удирдан зохион байгуулагч байсан төдийгүй улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан манай шилдэг инженерүүдийн нэг байлаа.

Түүний хөдөлмөр зүтгэл, ажил үйлсийг төр, засгаас өндрөөр үнэлж Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 2025 онд “Гавьяат барилгачин” цолоор тус тус шагнажээ.

Талийгаачийн барилгын салбарт хийсэн бүтээсэн ажил, хөдөлмөр, нөхөрсөг, хүнлэг, нандин зан чанар, эгэл даруу гэгээн дүр нь бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олон, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН,

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАЯРАА, АЛБАН ХААГЧИД.

2025.10.09


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан