ХББОС-ЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
“Олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдөр”, Монгол Улсад ахмадын байгууллага үүсч хөгжсөний түүхт 94 жилийн ой маргааш тохионо. Уг баярыг тохиолдуулан Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан болон холбогдох албан тушаалтнууд хот байгуулалт, нийтийн аж ахуйн салбарын ахмадуудын төлөөллийг хүлээн авч уулзаж, хөдөлмөрийн баатар, гавьяат цолтой ахмадуудад хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтын үеэр ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан “Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй билээ. Өтгөс буурлууд та бүхний бүтээн бий болгож, хүлээлгэн өгсөн эх орон, тусгаар тогтнол, хөгжил дэвшил, үнэт үйл хэрэг бүхнийг нэр төртэй үргэлжлүүлэх нь бидний үүрэг” гэдгийг онцлов.
Тэрбээр үргэлжлүүлэн “Хууль эрх зүйн шинэчлэлийг хийж Барилгын ерөнхий хууль, Хот байгуулалтын тухай хууль, Орон сууцны ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга,Үндэсний орон сууцжуулалтын тухай Барилгын салбарын багц хуулийн төслүүдийг боловсруулан батлуулахаар ажиллаж байна. Дээрх хуулийн төслүүдээс Барилгын ерөнхий хууль, Хот байгуулалтын тухай хууль зэрэг салбарын хуулийн төслүүдийг Намрын чуулганаар батлуулах ажлыг зохион байгуулна” гэдгийг ахмадуудад дуулгалаа.
Ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан бөгөөд Монгол Улс 1992 оноос тэмдэглэж ирсэн билээ.