ХББОС-ЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН ДЭЛХИЙН НОГООН БАРИЛГЫН ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАВ
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Дэлхийн ногоон барилгын зөвлөлийн (World Green Building Council) Европ, Төв Азийн бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгч Ричард Тейхманныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд талууд Монгол Улс болон Дэлхийн ногоон барилгын зөвлөлийн хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашдын боломжийн талаар санал солилцож, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд ногоон барилгын хөдөлгөөнийг дэмжихийн чухлыг онцлов.
Үргэлжлүүлэн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Монгол Улсын Их Хуралд Монгол Улсын барилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэгдэж байгааг дурдлаа. Тэрбээр уг өөрчлөлтөд ногоон барилгын талаар тодорхой заалтууд тусгах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлээд, Европын орнуудын туршлага, сайн жишгийг тусгах сонирхолтой байгаагаа онцлов. “
Ногоон барилгын стандарт, технологийг барилгын хуульд тусгаснаар Монгол Улс олон улсын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах боломжтой ” гэдгийг сайд тодотгов.
Өөрийн зүгээс Ричард Тейхманн ногоон барилгын стандарт, бодлогын хэрэгжилтийн талаар олон улсын зөвлөмж, чиг хандлагаар дэмжлэг үзүүлэх боломжтойг тэмдэглээд, Монгол Улс байгалийн арвин баялаг, залуу хүн амтай, өөрийн гэсэн онцлогтой улс гэдгийг онцоллоо.
Түүнчлэн энэ давуу талууд нь ногоон барилгын хөдөлгөөнийг эрчимтэй хөгжүүлэх таатай хөрс суурь болхийг дурдав.
Уулзалтын төгсгөлд сайд Э.Бат-Амгалан, Ричард Тейхманн нар Монголын Ногоон барилгын хүрээлэн Дэлхийн ногоон барилгын зөвлөлийн гишүүн болсонд харилцан баяр хүргэцгээв.
Талууд цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө бэлэн байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө.