НИЙТИЙН АЖ АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ

НИЙТИЙН АЖ АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ӨДРИЙН
МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсад Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 94 жилийн ой, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны өдрийг  тохиолдуулан тус салбарт хөдөлмөрлөж байсан үе үеийн ахмадууд, нийт ажилтан, албан хаагчид та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, амар амгаланг айлтган мэндчилж байна.

 Хот, суурин газар бий болсон цагаас эхлэн иргэдийн тав тухтай, эрүүл орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нөр их үйлст тус салбарынхан хөдөлмөр зүтгэл, ажил бүтээлээрээ манлайлан оролцож, салбарын шавыг тавьснаас хойш өнөөдөр хөгжлийнхөө 94 жилийн ойгоо тэмдэглэж байна.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар орон сууцны ашиглалт, нийтийн аж ахуйн ажил үйлчилгээний чиглэлээр нийт 223 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагад 11307 инженер, техникийн ажилтан ажиллаж, нийтийн орон сууцны  зориулалттай 8 мянга гаруй барилгын ашиглалтын үйл ажиллагааг хариуцаж, 739.2 мянган хэрэглэгчид үйлчилгээ үзүүлж, жилдээ 127.1 сая м3 ус олборлон, хэрэглээнээс гарсан 111.1 сая м3 бохир усыг татан зайлуулж, цэвэршүүлэн ажиллаж байна.

Орон сууц, нийтийн аж ахуйн салбар нь орон сууцны ашиглалтын үйл ажиллагаа, хэрэглэгчдийг стандартын шаардлага хангасан унд-ахуйн усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж, цэвэршүүлэн байгаль-экологийн тэнцвэртэй байдлыг хадгалж, иргэдийн ая тухтай амьдралын нөхцөлийг бүрдүүлдэг  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн суурь салбарын нэг юм.

Цаашид орон сууц, нийтийн аж ахуйн салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, салбарын байгууллагуудын санхүүгийн чадавхыг сайжруулах, ашиглалт, үйлчилгээний үнэ тарифыг шинэчлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, удирдлагын болон хөрөнгө, санхүүгийн менежментийг сайжруулах чиглэлд онцгой анхаарч ажиллах болно.

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын ажилтан, нийт хамт олон та бүхэндээ хүн амын эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх их үйлсэд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД

ЭНХТАЙВАНЫ БАТ-АМГАЛАН


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан