ХББОСЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАЯРАА, БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА О.СИЙЛЭГМАА НАР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаа нар хамтран ажиллах санамж бичгийг байгуулав.
Энэхүү санамж бичгийн зорилго нь орон нутгийн нийтийн аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчид, шинэ элсэгчид, цаашид тогтвор суурьшилтай ажиллах суралцагчдыг Монгол Улсад нэн шаардлагатай байгаа дээд боловсролын тэргүүлэх мэргэжлийн чиглэлд орсон “Ус хангамж, ариутгах татуургын инженерчлэл” хөтөлбөрөөр 2.5 жилийн хугацаанд суралцуулж, зээлийн сан, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.
Энэ үеэр ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа “Өнгөрсөн наймдугаар сард салбарын сайд Э.Бат-Амгалан барилгын салбар болон нийтийн аж ахуйн төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзах үеэр тэдний зүгээс боловсон хүчин дутагдалтай байгаа талаар ярьсан. Тиймээс энэхүү хамтын ажиллагаа нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой” гэдгийг онцлоод салбарын ажиллах хүчний нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, хамтран ажиллаж буйд талархал илэрхийлэв.
21 аймгаас сонгогдсон суралцагчдын хичээл есдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэх бөгөөд суралцагч, ШУТИС, ажил олгогч нар хамтарсан гэрээ байгуулах юм байна.
Түүнчлэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан суралцагч сургуулиа төгсөөгүй, төгссөн боловч тухайн байгууллагад 5 жил ажиллаагүй бол тэтгэлгийг эргэн төлүүлэх арга хэмжээ авах аж.