“Засгийн газрын цом-2025” спортын их наадамд Сангийн яам тэргүүн байр эзэлж, цомын эзэн боллоо
Төрийн захиргааны төв байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Засгийн газрын цом-2025” спортын их наадам энэ сарын 13-наас 18-ний хооронд болж өндөрлөлөө. 2005 оноос хойш 20 дахь жилдээ болж буй спортын их наадмыг энэ жил Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам амжилттай зохион байгууллаа. Тэмцээний цар хүрээ жил ирэх бүр нэмэгдэж, баг тамирчид өндөр ач холбогдол өгч оролцдог болсон гэдгийг ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан онцолж, тэмцээнд оролцсон нийт тамирчдадаа амжилт хүсэв.
Сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис, дартс зэрэг спортын таван төрлөөр тэмцээн явагдсан. Нийлбэр дүнгээр Сангийн яам тэргүүн байр эзэлж, цомын эзэн болсон бол дэд байрт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, гуравдугаар байрт Эдийн засаг, хөгжлийн яам тус тус шалгарсан юм.
Энэ удаагийн их наадамд ХББОСЯ-ны баг тамирчид сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөл, дартсын төрөлд эрэгтэй, эмэгтэй баг тамирчид тус бүр гуравдугаар байр эзэлсэн бол шатрын төрөлд эрэгтэй тамирчид хоёрдугаар байранд шалгарсан амжилт үзүүллээ.
Ирэх онд болох “Засгийн газрын цом-2026” спортын их наадмыг Гадаад харилцааны яам зохион байгуулна.