ХОТ, СУУРИНЫ НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 2012 оны 4 дүгээр тогтоолын 1.7-д “Хот, суурины ногоон байгууламжийн тухай хуулийн төсөл шинээр боловсруулж батлуулах” гэж,  Ойн тухай хуулийн 31.4 дэх хэсэгт “Хот, сууринг цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламж байгуулах ажлыг холбогдох хуулиар зохицуулна” гэж, Монгол Улсын Их Хурлын 2011 оны 02 дугаар тогтоолоор баталсан “Уур амьсгалын  өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийн 3.2.7-д “төвлөрсөн, томоохон хот, суурины ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх”, 3.3.20-д “ойжуулах, ойг нөхөн сэргээх болон ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, хүлэмжийн хийн шингээлтийг сайжруулах” гэж, Монгол Улсын Их Хурлын 2014 оны 43 дугаар тогтоолоор баталсан “Ногоон хөгжлийн бодлого”-ын 3.6.1-т “Уур амьсгалын өөрчлөлтийн хэтийн хандлага, байгалийн нөөц даацад нийцүүлж, хүн амын хэт төвлөрөл үүсэхээс сэргийлсэн, өөрийгөө тэтгэх чадвартай “ногоон”, “ухаалаг” хот, тосгоныг хөгжүүлж, орон нутагт тав тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх”, 3.6.3-д “Улаанбаатар хот болон бусад хот сууринг дахин төлөвлөж эдэлбэр газарт ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээг 2020 он гэхэд 15 хувь, 2030 гэхэд 30 хувьд хүргэх”, 3.6.6-д “Явган зорчигчийн зорчих хэсэг, ногоон байгууламж, дугуйн зам, зогсоолын төлөвлөлт, зохион байгуулалтыг боловсронгуй болгож явган явах, дугуйгаар зорчих орон зайг нэмэгдүүлэх” гэж тус тус тусгасан болно.

Хуулийн төслийг Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 9 дүгээр зүйлд нийцүүлэн “Хот, суурины ногоон байгууламжийн тухай” хуулийн төслийг боловсруулав..

Хуулийн  төсөл нь 7 бүлэг 27 зүйлээс бүрдэнэ.

Шинээр боловсруулагдаж буй Хот, суурины ногоон байгууламжийн тухай хууль нь Монгол Улсын хот, суурины ногоон байгууламжийг төлөвлөж байгуулах, арчлах, хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх, хяналт тавихтай  холбогдон төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хооронд үүсэх харилцаануудын эрх зүйн зохицуулалтыг хангах, зохицуулах, энэ хүрээнд бий  болоод буй зөрчил, хүндрэлүүдийг шийдвэрлэх, бусад хууль тогтоомжтой уялдуулахад тус тус чиглэгдэх бөгөөд хуулиар зохицуулах харилцаа, хамрах хүрээг дараах байдлаар тодорхойлно.Үүнд:

Хуулийн зорилт, хуулийн хамрах хүрээг тодорхой болгож, хот, суурины ногоон байгууламжийн тухай хууль тогтоомж, хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг тодорхой болгох, хот, суурины ногоон байгууламжийн үйл ажиллагааг ногоон хөгжлийн бодлогод нийцүүлэн хэрхэн төлөвлөж хэрэгжүүлэх,  хот, суурины ногоон байгууламжийн тоо, хэмжээг нийгэм, эдийн засгийн хөгжил, хүн амын өсөлттэй уялдуулан байнга нэмэгдүүлэх, тухайн хот, суурины ногоон байгууламж дахь ургамлын амьдрах чадварыг сайжруулан,  төрөл, зүйлийн бүрдлийг баяжуулах, баримтлах зарчмын талаарх эрх зүйн харилцааны талаар нарийвчлан тусгана.

Хот, суурины ногоон байгууламжийн үүрэг зориулалт, ангилал, байршил, байгуулах газар, бүрэлдэхүүний талаар тодорхой  тусгахаас гадна хот, суурины хүн амын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг бүрдүүлэх, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, хүрээлэн буй орчны уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, байгалийн тэнцэл алдагдахаас сэргийлэх, хот, суурины архитектур-орон зайн бичил уур амьсгал,  гоо зүй, чимэглэл бүхий тааламжтай орчинг бүрдүүлэхэд ногоон байгууламжийг зориулалт, ашиглалтаас хамааруулан ангилан төлөвлөх, байгуулах асуудлын нарийвчлан тогтоох, хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу холбогдох хууль тогтоомж, норм, дүрэм, стандарт болон тухайн газрын онцлог,  түүх, соёлын дурсгалт зүйл, ард иргэдийн зан заншил, уламжлал зэрэг байгаль, нийгэм, соёлын онцлогт нийцүүлэн  төлөвлөж байгуулах, ногоон байгууламжийн бүрэлдэхүүн хэсэгт амьд мод, бут, сөөг, өвслөг ургамал, цэцэг зэрэг зөөлөн ландшафт, усан толь, усан оргилуур, архитектурын жижиг элемент, биеийн тамир, чийрэгжүүлэлтийн тоноглол, зориулалттай байгууламж, хүүхдийн тоглоомын болон явган замын талбай, сүүдрэвч, сандал, гэрэлтүүлэг зэрэг хатуу ландшафтыг зохистой хослуулан төлөвлөхөд тавигдах нийтлэг шаардлагыг тодорхой болгох зэрэг асуудлуудыг нарийвчлан зохицуулж тусгана.

Хот, суурины ногоон байгууламжийн үйл ажиллагаанд оролцогч талууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын эрх, үүргийг тодорхой болгож тусгахаас гадна ногоон байгууламжийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан төлөвлөж байгуулах, арчлан хамгаалах, нөхөн сэргээх,  манай улсад нэн шаардлагатай байгаа ногоон байгууламжийн бүртгэл, тооллого хийх, ногоон байгууламжийн экологи – эдийн засгийн үнэлгээ тогтоох нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, ногоон байгууламжийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, улсын хэмжээний ногоон байгууламжийн үйл ажиллагааны төлөвлөгөөг ургамалжилтын бүс, бүслүүрт тохируулан боловсруулж, батлуулах, хэрэгжилтийг хангуулах, ногоон байгууламжийг байгуулах, арчлах, хамгаалах, ашиглах, устгах, буулгах, нөхөн сэргээхтэй холбогдсон  дүрэм, журам, стандартыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, мөрдүүлэх, ногоон байгууламжийн бүрэлдэхүүн хэсэг болох мод, бут, сөөг, ургамлын үрийн нөөцийн сан бүрдүүлэх, үржүүлгийн газар, технологийн парк  байгуулах, ногоон байгууламжийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх,   ажлыг мэргэжлийн удирдлага, зохицуулалтаар хангахтай холбогдсон үйл ажиллагааг хуульчилна.

Ногоон байгууламжийг байгуулах, хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд явуулах, арга зүйн зөвлөгөөгөөр хангах, эрх авсан аж ахуйн нэгж, байгууллагыг цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагын төрөл, хэлбэр, тэдгээрийн үйл ажиллагааны чиглэл, олон нийтэд ногоон байгууламжийн үйл ажиллагааны талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах үйл ажиллагаатай холбогдолтой асуудлыг нарийвчлан зохицуулахаас гадна иргэн,  хуулийн этгээдийн ногоон байгууламжийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, зохистой ашиглах, барилга, байгууламж, зам, инженерийн шугам сүлжээг төлөвлөх, зураг төсөл зохиох, бүтээн байгуулалтын болон засвар үйлчилгээний ажил гүйцэтгэхдээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зөвшөөрөл авах, ногоон байгууламжид хохирол учруулахаас сэргийлэх, хохирол учруулсан нөхцөлд ногоон байгууламжийг нөхөн сэргээж, ногоон байгууламжийн экологи, эдийн засгийн үнэлгээний дагуу нөхөн төлбөр төлөх, орон нутгийн удирдлагын болон мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцөн үйл ажиллагаагаа явуулах зэрэг ногоон байгууламжийн талаар нийтлэг эрх, үүрэгтэй холбогдолтой асуудлуудыг нарийвчлан зохицуулна.

Ногоон байгууламжийн ангилал, зориулалт, байршлаас хамааруулан ногоон байгууламжийг ашиглах, арчлах, хамгаалах субьектыг тодорхойлох, нөхөн сэргээх түүнд шаардагдах зардлын эх үүсвэр,  ямарваа нэгэн бүтээн байгуулалтын ажлын явцад учруулсан хохирлыг нөхөн төлөх,  ногоон байгууламжийг батлагдсан зураг төсөлгүйгээр тохижилтын ажил гүйцэтгэх, зориулалт бусаар ашиглах, байгалийн ойгоос модлог ургамлыг шууд шилжүүлэн суулгах, ногоон байгууламжийн талбайд нутагшуулах, тарималжуулах туршилт судалгааны байгууллагын дүгнэлтгүйгээр импортын тарьц, суулгацыг тарих зэрэг ногоон байгууламжийг ашиглах, хамгаалах, арчлах, нөхөн сэргээх, нөхөн төлбөрийн зэрэг олон нийтийн оролцоо, төрийн хяналтын талаарх үйл ажиллагааны талаарх холбогдох зохицуулалтын талаар тусгана.

Ногоон байгууламжийн байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, ургамлын төрөл зүйл, тоо хэмжээ, төлөв байдлын талаарх мэдээллийг багтаасан бүртгэл, мэдээллийн сан бий болгох, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэхтэй холбогдсон журам, зааврыг баталгаажуулах, эрхлэн хөтлөх субьектыг тодорхой болгох засуудлыг зохицуулна.

Ногоон байгууламжийн хууль, тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага болон хууль төгөлдөр болох хугацааг тусгана. Энэ хүрээнд хууль, тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд тооцох хариуцлагыг тодорхой болгож, хариуцлагын хэм хэмжээг өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд нийцүүлэн тогтооно.

Хот, суурины ногоон байгууламжийн тухай хуулийн төсөлд  21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллага, олон улсын байгууллага, зураг төслийн байгуулагуудаас ирүүлсэн саналуудыг тусгаж, олон нийтээс санал авахаар Барилга, хот байгуулалтын яамны вебсайтад байрлууллаа.

Хот, суурины ногоон байгууламжийн тухай хуулийн төсөлтэй танилцаж, саналаа Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Бэлэгсайхантай  31-25-17 утсаар холбогдож эсхүл <dsaikhnaa@yahoo.com> цахим хаягаар 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дотор ирүүлнэ үү.

Хот, суурины ногоон байгууламжийн тухай хуулийн төслийг ЭНД-с татаж үзнэ үү.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан