Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан “Ногоон нуур 1008” айлын орон сууцны төслийн үйл явцтай танилцлаа
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй “Ногоон нуур 1008” айлын орон сууцны төслийн үйл явцтай танилцлаа.
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан уулзалтын эхэнд "Төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй нэгжүүд салбар яамтай уялдаа холбоотой ажиллах ёстой гэдгийг онцлоод, төсөлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэдгээ" илэрхийлэв.
“Ногоон нуур 1008” айлын орон сууцны төсөл нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд агаарын бохирдол, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилготой юм. Тус төсөл нь БНХАУ-ын буцалтгүй тусламж болох 328 сая юань-аар хэрэгжиж буй бөгөөд барилгын ажил 2022 оны зургаадугаар сард эхэлж байв. Тэгвэл ирэх аравдугаар сард барилгыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна гэв.
Тус 1008 айлын орон сууц нь цутгамал төмөр бетон зоорьтой 21 давхар, 8 блок барилгаас бүрдэнэ. Давхартаа 49.95, 55.04 мкв хоёр өрөө, 6 айлтай юм.
Барилгын суурь хийх үед хөрсний ус зайлуулах 20 метр гүнтэй 19 цооног өрөмдөж хоолойгоор зайлуулж барилгын суурийг тавьжээ. Түүнчлэн тус барилгын зоорийн давхрыг хөрсний ус оруулахгүйн тулд барилгын хавтан суурь дээр хайрцган суурь хийж булсан талаар “Ногоон нуур-1008” айлын орон сууцны төслийн зохицуулагч Д.Од яриандаа онцолсон юм.
Дээрх уулзалтад ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, Сайдын зөвлөх И.Баттөгс, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Бат-Эрдэнэ, “Ногоон нуур-1008” айлын орон сууцны төслийн зохицуулагч Д.Од нар оролцлоо.