ЭМГЭНЭЛ
эмгэнэл
ДОРЖГОТОВЫН МАНДАХ
/1946-2025/
Монгол Улсын Гавьяат барилгачин, зөвлөх инженер Доржготовын Мандах нь 2025 оны 7 дугаар сарын 06-ны өдөр таалал төгсөж бидэнд хүнд гарз тохиолоо.
Д.Мандах Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд 1946 онд төржээ.
1969 онд Эрхүү хотын Политехникийн дээд сургууль төгсөж усан хангамж, ариутгах татуургын инженер мэргэжил эзэмшжээ. 1969-1978 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны барилга захиалагчийн товчоонд инженер, даргаар ажиллаж байгаад 1978-1984 онд Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын даргаар ажиллажээ. Энэ хугацаандаа техникийн бодлогыг алс хэтийн төлөвтэй нь холбож норм дүрмийг шинэчилж, урьдчилан сэргийлэх засварын системийг нэвтрүүлж үйлчилгээг сайжруулан, иргэдийн гомдлыг барагдуулж байгууллагыг хөл дээр нь бат зогсох бүхий л үйл ажиллагааг зохион байгуулж “ясны удирдагч” гэдгээ харуулсан юм.
Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцаж, Ардчилсан үндсэн хууль тогтоогчдын холбооны гүйцэтгэх захиралын албыг хашиж байжээ.
Түүний хөдөлмөр зүтгэл, ажил үйлсийг төр, засгаас өндрөөр үнэлж Монгол Улсын төрийн дээд шагнал Сүхбаатарын одон, 2016 онд “Гавьяат барилгачин” цолоор, Нийслэлийн “Хангарьд” одон, Улаанбаатар хотын “Хүндэт иргэн” тус тус шагнажээ.
Талийгаачийн барилга, нийтийн аж ахуйн салбарт хийсэн бүтээсэн ажил, хөдөлмөр, нөхөрсөг, хүнлэг, нандин зан чанар, эгэл даруу гэгээн дүр нь бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.
Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олон, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН,
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАЯРАА, АЛБАН ХААГЧИД.
2025.07.08