Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан "Солонго1-2" орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслийн үйл явцтай танилцаж, үүрэг чиглэл өгөв
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд БНСУ-ын зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй "Солонго1-2" орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслийн үйл явцтай танилцлаа.
БНСУ-ын Засгийн газраас 266 сая 885 сая ам.долларын зээл олгосон бөгөөд уг төсөл нь түрээслээд өмчлөх гэдгээрээ ихээхэн онцлог юм. Төслийн барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам 2023 оны есдүгээр сард БНСУ-ын “Колон Глобал” корпорацитай байгуулжээ. Улмаар барилга угсралтын ажил 2024 оны гуравдугаар сард эхэлсэн бөгөөд өдгөө “Солонго1-2” төслийн барилга угсралтын ажлын явц 42.29 хувьтай үргэлжилж байна. Төслийг 2026 онд дуусгахаар төлөвлөж байгаа талаар албаныхан танилцуулгадаа дурдав.
Дээрх хоёр төсөл нь нийт 17.19 га талбайг хамрах бөгөөд нийт 66 блок барилга, 5002 айлын орон сууц юм. Үүнээс 4195 нь хоёр өрөө, 807 айл нь гурван өрөө юм байна. Тус барилгын онцлог нь барилга хоорондын зай нь БНСУ-ын дагуу төлөвлөгджээ. Нарны гэрэл халхлагдахгүй, эрчим хүчийг хэмнэх зорилгоор байгаль орчинд ээлтэй шийдлээр нарны эрчим хүч хураагуур ашиглан нийтийн эзэмшлийн хэсгийн гэрэлтүүлгийг цахилгаан хэмнэлтэт аргаар шийдэхээр төлөвлөжээ.
Интерьерийн хувьд давхар хоорондын чимээ, доргилтийг нэвтрүүлэхгүй, шалны дор зориулалтын дуу тусгаарлагч суурилуулсан байна.
Төслийн захиалагчаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, захиалагчийн хяналтыг “ТОСК” ТӨХХК, зөвлөх үйлчилгээг БНСУ-ын “Мүүён Си Эм” төлөөний газар, Ерөнхий гүйцэтгэгч “Колон Глобал корпораци, туслан гүйцэтгэгчээр “Гранд Слаб Инвест” ХХК тус, тус ажиллаж байна.