Монгол улсын ерөнхий сайдын захирамжаар байгуулсан төслийн хамтарсан зохицуулах хорооны 2 дугаар хурал боллоо
Монгол Улсын Засгийн газраас Япон Улсын Засгийн газарт хүсэлт тавьсаны дагуу Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын техникийн туслалцааны хүрээнд “Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулах төсөл”-ийг 2019 оны 01 дүгээр сараас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Барилга, хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн газар хамтран хэрэгжүүлж байна.
Тус төслийг “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”, боловсруулах үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах, удирдамж, чиглэлээр хангах, төслийн явц, үр дүнд хяналт тавих үүрэг бүхий “Төслийн хамтарсан зохицуулах хороо”-г Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 32 дугаар захирамжаар, мөн Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар эдгээр бодлогын баримт бичгүүдийг харилцан уялдаатай боловсруулах зорилгоор салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, эрдэмтэн, судлаачид, холбогдох мэргэжилтнийг татан оролцуулах, шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулж, төслийн зөвлөх багтай хамтран ажиллах үүрэг бүхий Төслийн хамтарсан ажлын хэсэг, дэд ажлын хэсгүүдийг байгуулан ажиллаж байна.
Энэхүү “Үндэсний хөгжлийн цогц бодлого” нь “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийн баримт бичгүүдтэй харилцан уялдаж, хот, хөдөөгийн хөгжлийн ялгааг бууруулах, хүн амын нутагшилт, суурьшлын оновчтой тогтолцоог бүрдүүлэх, нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг бий болгох, тогтвортой хөгжлийг дэмжих замаар хот, суурин газарт тулгарч буй асуудлыг шийдвэрлэх юм.
Иймд улс орны бүхий л салбаруудыг хамрах “Үндэсний хөгжлийн цогц бодлого” болон “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулах, холбогдох судалгааны ажлыг гүйцэтгэхэд салбарын яамд, тэдгээрийн харьяа байгууллагууд, орон нутгийн захиргааны байгууллагууд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд хамтран ажиллаж байна.
“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн зорилтыг хэрэгжүүлэхээр “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 05 дугаар тогтоолоор “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийг боловсруулан батлуулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороог, Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 165 дугаар захирамжаар Бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөмж өгөх үүрэг бүхий Ажлын хэсгийг тус тус байгуулан ажиллаж байна.
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 165 дугаар захирамжийн дагуу Үндэсний хөгжлийн газар “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого” боловсруулах ажлыг эхлүүлж, тус ажлын хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах ажлын нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан, бүсчилсэн хөгжлийн онол практикийн олон улсын бага хурал зохион байгуулах, эдийн засаг, нийгмийн салбар тус бүрээр хөгжил байршлын судалгаа хийх, бодлогын хувилбар боловсруулах, орон нутагт хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.
Монгол Улсын цаашдын урт хугацааны хөгжлийн шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв шат дараалалтай, харилцан уялдаатай бодлогын дагуу хөгжүүлэхэд хот байгуулалтын тулгуур баримт бичиг болох “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” нь чухал үүрэгтэй.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтын дагуу хүн ам, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, дэд бүтцийн үндсэн сүлжээний үйлчлэлийн зохистой хүрээнд тулгуурласан бүс нутгийн оновчтой бүтэц, хот, суурины тогтолцоог бүрдүүлэхэд төрөөс баримтлах урт хугацааны бодлого, төлөвлөлтийг тодорхойлох энэ ажлын хүрээнд “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” боловсруулах чиг үүрэгтэй “Хот байгуулалт, зураг төсөл, төлөвлөлтийн институт”-ийг Барилга, хот байгуулалтын яамны дэргэд байгуулан, тус төслийг боловсруулах ажлыг гүйцэтгэж байна.
Монгол Улсад хэрэгжүүлэх энэхүү “Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулах төсөл”-ийн хүрээнд “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулахад Барилга, хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага, төслийн зөвлөх баг, Төслийн хамтарсан зохицуулах хороо тулгарч буй асуудлуудыг хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд Төслийн хамтарсан зохицуулах хорооны 2 дугаар хурлыг энэ сарын 07-ны өдөр зохион байгуулж, Төслийн хамтарсан зохицуулах хорооны гишүүд болон Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага, төслийн зөвлөх баг, Барилга, хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн газрын төлөөлөл оролцож, санал солилцлоо. Хурлын үйл ажиллагаанд Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА Төв байгууллагын Дэд бүтэц, энх тайвныг цогцлоох газрын Хот, бүс нутгийн хөгжлийн багийн орлогч дарга ноён Кеничи Кобаяши оролцсон.
Хурлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга М.Баярмагнай нээж, тус ЖАЙКА-гийн Төслийн багийн ахлагч Цуёши Хашимото макро түвшний хөгжлийн зорилт, үндсэн стратеги, хөгжлийн хүрээ болон макро түвшний хөгжлийн хувилбаруудыг агуулсан явцын тайлангийн талаар танилцууллаа. Мөн Барилга, хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Төслийн хамтарсан зохицуулах хорооны гишүүд болон холбогдох яамд, төрийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, ЖАЙКА-гийн Төслийн баг хамтарч, Газрын мэдээллийн санг ашиглан орон зайн судалгаа, төлөвлөлт хийх ажил багтаж байгааг онцлов.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ