Б.Баярлхам: Барилгын салбар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын ач холбогдол, эрчим хүчийг хэмнэх боломж, шийдлийн талаар илүү ойлголттой болсон
-Аль технологийг ашигласнаар хүлэмжийн хийн ялгарлыг ямар хэмжээгээр багасгаж чадахаа хялбар аргаар тооцох боломжтой-
“Монгол Улсын барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” төслийн зохицуулагч Б.Баярлхамтай ярилцлаа. Энэхүү төслийн хэрэгжүүлэгч нь Монгол Улсын Засгийн газар, Барилга, хот байгуулалтын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр юм. Төслийн санхүүжилтийн дийлэнх буюу 1.26 сая ам.долларыг Даян дэлхийн байгаль орчны сан, 100 мянган ам.долларыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс буцалтгүй тусламжаар олгож буй. Энэхүү төслийн хүрээнд Монголд барилгын салбараас ялгаруулж буй хүлэмжийн хийн ялгарлыг анх удаа тооцжээ.
-Юуны түрүүнд төслийнхөө талаар мэдээлэл өгнө үү.
-“Монгол Улсын барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” төслийг Даян дэлхийн байгаль орчны сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа. Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр донор байгууллагууд, олон улсын цөөнгүй сан байдгийн нэг нь дээрх сан. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монголд байгаль орчныг хамгаалах, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой болон засаглалыг сайжруулах чиглэлээр олон төсөл, хөтөлбөрийг урт хугацаанд хэрэгжүүлсээр ирсэн. Барилгын салбарын эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах чиглэлээр 2009-2014 онд төсөл хэрэгжүүлж, барилгын дулаан хамгаалалтын чиглэлээр олон норм, стандарт батлуулсан байдаг. Өмнө нь хэрэгжүүлсэн тэдгээр төсөл, хөтөлбөрийн үр дүнг илүү боловсронгуй болгож сайжруулах зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж буй.
“Монгол Улсын барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” төслийн зорилго, ач холбогдол юу вэ?
-Төслийг 2017 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн, ирэх арван хоёрдугаар сард дуусна. Олон улсын хэмжээнд мөрдөж буй бодлоготой уялдуулж хэрэгжүүлж байгаа. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын XXI бага хурлаас гаргасан Парисын хэлэлцээрийг Монгол Улс 2016 оны есдүгээр сард соёрхон баталсан. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулж, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг бий болгох, дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй нь харьцуулахад хоёр хэмээс хэтрүүлэхгүй, 1.5 градуст хязгаарлах амлалт дэвшүүлсэн, олон улсын хэмжээний баримт бичиг юм. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн урт хугацааны эрсдэлийн индексээр хамгийн өндөр эрсдэлтэй орнуудын тоонд багтдаг. Тиймээс Парисын хэлэлцээрт манай улс хүлэмжийн хийн ялгарлаа 2030 он гэхэд 14 хувиар бууруулна гэж амлалт өгсөн. Үүнийг хэрэгжүүлэхэд Монгол Улс ямар ажил хийхээ тайлагнасан. Энэ үүрэг амлалтыг биелүүлэхэд барилгын салбарт хэрэгжүүлж чадах арга хэмжээ юу вэ гэдгийг манай төслөөр дамжуулан тодорхойлсон юм. Цаашид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахад үр дүнгээ хэмжих шаардлагатай бөгөөд үүний тулд харьцуулах суурь он байх шаардлагатай. Тиймээс хүлэмжийн хийн ялгарлын суурь түвшинг гаргаж ирэх ажлыг бид хийж байна. Үүнийг хэрхэн хэмжих, ямар арга хэмжээ авч байж бууруулах зэргийг манай төсөл цогцоор нь тодорхойлж байгаа. Нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ Монгол Улсад дэлхийн дунджаас хоёр дахин их. Манай төслийн зорилго нь барилгын салбарын эрчим хүч, дулааны хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах юм. Бид эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж, технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой ажиллаж байна.
-Төслийг хэрэгжүүлж байгаа хоёр жилийн хугацаанд ямар ажил хийгдээд байгаа вэ?
“Монгол Улсын барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” төсөл үндсэн гурван бүрэлдэхүүн хэсэгтэй. Нэг дэх бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 2015-2017 он буюу гурван жилийн хугацаан дахь барилгын эрчим хүчний хэрэглээний статистикийг цуглуулж, урьдчилсан байдлаар тооллого хийсэн. Одоогоор өнгөрсөн жилийн статистикийг цуглуулж байна. Улмаар суурь түвшин 2018 оныхоор хэд байгааг гаргаж ирнэ. Улсын хэмжээний хүлэмжийн хийн ялгарлын тооцоог Монгол Улс хийдэг. Уг тооллоготой харьцуулж үзэхэд урьдчилсан тооцоогоор барилгын салбар 14 хувийг нь ялгаруулж байгаа нь тогтоогдсон. Энэ нь барилгын салбарт эрчим хүчний хэмнэлт бий болгох маш их боломж байгааг харуулж буй хэрэг.
Төслийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлын тооцоог цогцоор нь хийж байгаа гэж хэлж болно. Тооллогын аргачлалыг Монголд анх удаа нэвтрүүлснээрээ онцлог. Олон улсын аргачлалуудыг харьцуулаад, манай улсын барилгын салбарт аль нь тохирохыг тогтоон, түүнийхээ дагуу тооллогоо хийнэ. Одоо аргачлалаа батлуулах шатанд явж байна. Өмнө нь барилгын салбарт ийм тооллого хийж байгаагүй бөгөөд бусад салбарынхан үлгэр жишээ авах сайн туршлага болох боломжтой. Цаашид хүлэмжийн хийн тооллого хийхэд бодлого, эрх зүйн бүтэц, зохицуулалтыг нь боловсруулаад батлуулж байгаа. Мөн цахим тооллогын систем нэвтрүүлсэн. Тооллогыг явуулах үйл ажиллагааны журмыг боловсруулж, холбогдох талуудад хүлээлгэн өгч байна. Тооллого хийхэд хэн, ямар үүрэгтэй оролцохыг тодорхойлж, ажлын байрны үүрэг хуваарьт нь тусгасан. Эрх зүйн орчны хувьд ийнхүү бүрдэж байгаа. Тооллогын процесст оролцох талуудын мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг өнгөрсөн онуудад хийсэн, энэ жил ч үргэлжилж байна.
Хоёр дахь бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд ямар ажил хийж байж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтойг тодорхойлж байгаа. Өртөг, үр нөлөөний муруй гэсэн аргачлал, арга хэрэгслийг гаргаж ирсэн. Бизнест хөрөнгө оруулахад санхүү, эдийн засгийн тооцоо хийдэг шүү дээ. Түүн дээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах тооцоог нэмж, дан хөрөнгө оруулалтын тооцоо биш, хөрөнгө оруулалт, хүлэмжийн хийг бууруулах боломжийг давхар харуулсан аргачлал гаргаж ирээд, барилгын салбарт нэвтрүүлж байгаа. Ер нь олон улсад ийм аргачлалууд хэдийн нэвтэрсэн. Аргачлалыг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх барилгын компани, хөрөнгө оруулагч, бодлого тодорхойлогч тал ашиглах боломжтой. Тодруулбал, эрчим хүчний хэмнэлттэй технологи ашигласнаар нүүрсхүчлийн давхар ислийг хэр хэмжээгээр бууруулах боломжтойг тооцох аргачлал гэж ойлгож болно. Энэхүү тооцооны аргачлалыг бодлого тодорхойлогч, хөрөнгө оруулагч, барилгын компаниуд ашиглаж болно. Мөн манайд хэрэгжүүлэх боломжтой, эрчим хүчний хэмнэлтийн зургаан төрлийн технологийг сонгосон. Тэдгээр технологийн үр нөлөөг тодруулахаар таван загвар төсөл дээр хэрэгжүүлж байна. Тухайлбал, хоёр давхар шиллэгээтэй цонхыг гурван давхар болгож, ханын дулаалга, дулаалгатай дээвэр, нарны хавтан ашигласнаар ямар нөлөөтэйг бодитоор тооцож байна л даа.
Дээр дурдсан талууд барилгын талбайн хэмжээгээ оруулахад л эрчим хүч, дулааны хэмнэлттэй технологиос алийг нь сонгоход тухайн барилгаас ялгаруулах хүлэмжийн хийг ямар хэмжээгээр бууруулах боломжтой нь гарч ирнэ. Одоогоор аргачлалыг интернэтэд хараахан тавиагүй. Дашрамд дурдахад, цахим тооллогын мэдээллийн цахим хуудсандаа төслийн үр дүнд гарч буй нөлөө, ач холбогдлын талаарх бүх мэдээллийг оруулахаар төлөвлөсөн.
-Таван загвар төсөл хэрэгжүүлж байгаа гэж та хэллээ. Эдгээр төслүүдийн талаар илүү тодруулахгүй юу?
-Сонгосон зургаан технологи ашигласнаар ямар үр ашигтайг тооцохоор таван загвар төсөл хэрэгжүүлж, туршиж байна. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын дунд сургуулийн барилгын дээврийг дулаалж, дотор халаалтын зангилааг нь шинэчилснийг энд дурдаж болно. Мөн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумд төвлөрсөн дулааны сүлжээг нь шинэчилсэн. Тус сум өмнө нь нам даралтын 50 гаруй уурын зуухтай байсан. Эхний ээлжинд төсвөөс санхүүждэг 20 байгууллагынх нь нам даралтын зуухыг зогсоож, дулааны нэг эх үүсвэртэй болгосон. Ингэснээр нүүрсний хэрэглээ нь буурч, эдийн засгийн хэмнэлт гарсан. Шинээр суурилуулсан зуух нь эрчим хүчний хэмнэлттэй, ашигт үйлийн коэффицент нь өндөр, ус зөөлрүүлэх төхөөрөмжтэй. Газар доогуурх шугам нь “урьдчилсан” дулаалгатай байгаа. Тухайн төслийг хэрэгжүүлэгч тал 80 хувийн санхүүжилтийг гаргаж, манай төслөөс 20 хувийн дэмжлэг үзүүлсэн. Мөнгөн дүнгээс илүүтэйгээр төслийн зүгээс техник туслалцаа үзүүлдэг нь чухал гэдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Одоогоор бүрэн хэрэгжүүлж дууссан нь орон нутаг дахь дээрх хоёр төсөл. Эдгээрээс гадна Эрчим хүчний зохицуулах хорооны шинэ оффисын барилга угсралтын явц 70 орчим хувьтай үргэлжилж байгаа. Мөн Барилгын хөгжлийн төвийн лабораторийн хуучин барилгын гадна ханын дулаалга, цонх, хаалгыг шинэчилж байна. Бас ШУТИС-ийн барилга, архитектурын сургуулийн лабораторийн шинэ барилгыг барих төсөл хэрэгжүүлж байгаа. Барилгын салбарын эрчим хүчний хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж буй учраас ийм төслүүдийг олноор хэрэгжүүлэх шаардлага зайлшгүй бий.
-Төслийн хоёр дахь бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд өөр ямар ажил хийж байна вэ?
-Барилгын салбарт ямар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх, тэдгээр нь хүлэмжийн хийг хэдий хэмжээгээр бууруулахыг тооцон, эрэмбэлж, тэргүүлэх арга хэмжээний жагсаалт гэж гаргана. Парисын хэлэлцээрт хүлээсэн үүрэг, амлалтын дагуу улс орон бүр зорилтот хувь нэмрээ тусгасан бодлогын баримт бичгийг илгээх ёстой. Иймээс ч “Монгол Улсын зорилтот хувь нэмэр” гэсэн баримт бичгийг БОАЖЯ удирдан, бусад салбар яамд, холбогдох талуудыг оролцуулан боловсруулж байгаа. Түүнд манай улсын барилгын салбарт нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай тэргүүлэх арга хэмжээний жагсаалт багтах бөгөөд НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид уг бодлогын баримт бичгийг илгээнэ. Энэ бол маш том ажил. Шинээр төсөл хэрэгжүүлэхдээ санхүүжилт авахын тулд барилгын компаниуд тус бодлогын баримт бичигтэй уялдуулах ёстой болно. Төслийн хоёр дахь бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг мөн зохион байгуулж байгаа.
-Тэгвэл гурав дахь бүрэлдэхүүн хэсгийн тухайд ямар ажил амжуулаад байна вэ? Үлдсэн хугацаанд ямар ажил хийгдэх вэ?
-Хүлэмжийн хийг бууруулж эхэлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг бодитоор хэмжиж, түүнийгээ яаж тайлагнаж, баталгаажуулж, нотлох вэ гэдэг аргачлалыг бас боловсруулж байгаа. Үүнийг зөвлөмж байдлаар гаргана. Дээр дурдсан загвар төслүүдийн үр дүнг хэмжиж байгаа. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын сургуулийн дээврийг дулаалж, дотор халаалтын системийг нь шинэчилсэн. Хуучны буюу секцтэй паартай байсныг шинэчлээд, ХБНГУ-ын орчин үеийн, автомат технологийн паараар сольсон. Мөн дулааны тоолуур суурилуулсан. Улмаар ямар хэмжээний дулаан, эрчим хүч хэрэглэж байгааг нь тогтмол мэдэх боломжтой болсон. Мэдээллийг нь цаг тутам буюу мессежээр хүлээн авч, эсвэл программаас шууд харчихаж байгаа. Бодит хэрэглээ нь ямар байна, түүнээс ямар хэмнэлт гарч байгааг байнга тооцож, хянаж байгаа гэсэн үг. Өмнөх жилүүдтэй нь харьцуулахад нүүрсний хэрэглээ нь буурсан нь үр дүнгээс тодорхой харагдаж байгаа.
Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой зорилтыг биелүүлэхэд анхаарах учиртай. Энэ зорилтыг биелүүлэхэд төр, хувийн хэвшил гээд бүх л тал чухал үүрэгтэй. Хувийн хэвшлийнхэн, барилгын компаниуд барилгын салбараас ялгарч буй хүлэмжийн хийг бууруулахад маш том үүрэгтэй тул нийгмийн хариуцлагынхаа хүрээнд байгаль орчинд аль болох ээлтэй арга, технологиор барилгаа барих, материалаа үйлдвэрлэх шаардлагатай. Энэ талаарх ойлголт манайд одооноос л бий болж, төрийн байгууллагынхаа түвшинд ойлгож, анхаарч эхэлсэн нь төслийн ач холбогдлыг илэрхийлж буй болов уу. Өмнө нь хүлэмжийн хийн ялгарал гэхээр БХБЯ ямар ч ойлголтгүй байсан гэхэд хилсдэхгүй. Харин одоо ногоон санхүүжилт татах боломжтой юм байна гэдгийг ойлгож, анхаарах болсон. Үүний тулд ийм санхүүжилт авах суурь нөхцөлийг нь бүрдүүлж эхэллээ. Уур амьсгалын ногоон сангаас гэхэд зөвхөн мөнгө биш, техникийн туслалцаа үзүүлж, чадавх бэхжүүлэх сургалтыг давхар хийдэг нь манайд давуу тал болохыг ойлгох болсон. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад, ногоон санхүүжилт авахад ч хөшүүрэг болно гэдгийг хувийн хэвшлийнхэн ойлгож эхэлсэн. Барилгын компаниуд гэхээс урьтаж салбарын яам энэ чиглэлээр бодлогодоо хүлэмжийн хийн ялгарал, эрчим хүчний хэмнэлтийн талаар тусгаад, энэ чиглэлээр ажиллаж эхлэх суурь тавигдаж эхэлж буй нь ихээхэн ач холбогдолтой. Барилгын эрчим хүчинд БХБЯ тэр бүр анхаардаггүй, Эрчим хүчний яамны ажил юм шиг ойлгодог байсан, барилгаа л барих ёстой гэж ойлгодог байсан нь өөрчлөгдсөн.
-Цаашид барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг байнга тооцох уу?
-Тийм ээ. Барилгын салбарын хэмжээнд хүлэмжийн хийн тооллого хийх аргачлал боловсруулж, батлагдсанаар энэ салбарын хэмжээнд жил бүр хүлэмжийн хийн ялгарлыг тооцно. Улаанбаатар хот болон улсын хэмжээнд төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон барилга, байгууламжийн цахилгаан, дулааны хэрэглээнээс нь үүдсэн хүлэмжийн хийн ялгарлын дүн мэдээлэл Үндэсний статистикийн хороонд хүргэгдэнэ. Тооллого явуулах журам батлагдахад холбогдох талууд тус тусдаа өөрсдийнхөө чиг үүрэгт нэмж оруулаад, хүлэмжийн хийн ялгарлыг тоолно. Энэ чиглэлээр мэргэжилтнүүдээ томилоод ажиллуулж байна. Мөн бид барилгын дулаан хамгаалалтын нормыг олон улсад мөрдөж буй бусад норм, дүрэмтэй уялдуулж шинэчилж байгаа.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ