БАРИЛГЫН САЛБАРЫН ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛАХ "НАМА" ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Барилга, хот байгуулалтын яамтай хамтран, Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр “Монгол улсын барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” төслийг хэрэгжүүлж байна. Уг төсөл 2017–2020 оны хооронд гурван жилийн хугацаанд хэрэгжинэ.
ХҮЛЭМЖИЙН ХИЙ ГЭЖ ЮУ ВЭ?
Хүлэмжийн хий нь нарнаас ирж буй цацраг туяаг өөртөө шингээн авч дэлхийд цацруулдаг нэгэн төрлийн агаарын давхарга юм. Хүлэмжийн хий 6 төрлийн хийнээс бүрддэг. Хүний үйл ажиллагаа, нөлөөний улмаас эдгээр хийнүүд агаар мандалд хөөрч, тодорхой хугацаанд задарч алга бололгүйгээр оршиж, нарнаас ирэх энергийг нэвтрүүлэлгүйгээр дэлхийн гадаргад ойлгон шингээдэг. Ингэснээр байгалийн хий, хүний хүчин зүйлээс үүдэлтэй хийнүүдийн тэнцвэр алдагдаж дэлхийн температурыг нэмэгдүүлдэг.
Хүлэмжийн хий нь дэлхийн эрчим хүчний тэнцвэрт байдлыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг тул хүлэмжийн хийн хэмжээ ихсэх нь дэлхийн дулааралд нөлөөлнө.
Энгийнээр тайлбарлавал дэлхийн агаар мандлыг хүнсний ногооны хүлэмжтэй зүйрлэе. Хүлэмжид ногоо ургуулахын тулд дулаан нөхцөл хэрэгтэй. Нарны гэрэл хөрсийг дулаацуулдаг учир хана, дээврийг гялгар уутаар хийж, нарны гэрлийг чөлөөтэй нэвтрүүлдэг. Гэхдээ тэр дулаан буцаад гарах ёстой байтал гялгар уутнаас болоод түгжигддэг. Үүний үр дүнд дулаан нөхцөл бий болж байгаа юм. Хүлэмжийн хий дэлхийн агаар мандалд яг ийм нөхцөл байдал үүсгэж, дэлхийн дулаарал ихсэж байна.
Сүүлийн 200 жилийн туршид агаар мандал хүний хүчин зүйлийн нөлөөгөөр улам бүр бохирдсоор байна. Хүлэмжийн хийн өсөлт нь байгалийн гаралтай хүлэмжийн хийн үр нөлөөг эрчимжүүлж, улмаар дэлхийн дулаарлыг нэмэгдүүлж байна. Үүнээс болж хойд мөсөн далай хайлж, далайн усны түвшин нэмэгдэж, хот суурин газрууд усанд автах болов. Дулаарлаас болж дэлхийн тэнцвэрт байдал алдагдаж, улмаар байгалийн гамшигт үзэгдлүүд тохиох давтамжууд ойртож, хүч нь нэмэгдэж байна.
Иймээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Барилга, хот байгуулалтын яамтай хамтран “Монгол улсын барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” (НАМА) төслийг хэрэгжүүлж байна.
НАМА гэж юуг хэлж байна вэ?
Эрчим хүчний хэрэглээний 40%-ийг барилгын салбарт ашигладаг. Гэтэл Монголд барилгаас болон барилгын салбартай холбоотойгоор ялгарч байгаа хүлэмжийн хийн хэмжээг тооцоолох систем, аргачлал байхгүйгээс болоод бодитой тоо баримт гарган, түүнийгээ санхүүжилтийн дэмжлэг авахад ашиглах боломжгүй байдаг. Иймээс НАМА төслийн хүрээнд хүлэмжийн хийг бодитой тооцоолж, хэмжихэд дөхөм болгох үүднээс Хүлэмжийн хийн тооллогын цахим системийг хөгжүүлсэн байна.
Төслийн зорилго нь Монгол улсад хүлэмжийн хийн ялгарлыг (ХХЯ) бууруулах үндэсний арга хэмжээг барилгын салбарт хэрэгжүүлж, тус салбарт эрчим хүчний хэмнэлттэй технологийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор барилгын салбарын эрчим хүчний хэрэглээ, ХХЯ-ын тооцоо судалгааг бий болгох, ХХЯ-ыг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, түүний үр дүнг хэмжих, тайлагнах, нотлох (MRV) механизмыг бий болгоход чиглэж хэрэгжих юм. Төслийг хэрэгжүүлсний үр дүнд эрчим хүчний хэрэглээг бууруулснаар нүүрсээр галлах усан болон уурын халаагуур зуух, цахилгаан станцаас гарах цахилгаан, дулаан үйлдвэрлэлийн эрэлт багасаж, агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ