ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫГ ХАНГАХАД ОРОН ЗАЙН ӨГӨГДЛИЙН ДЭД БҮТЦИЙН ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ, АЧ ХОЛБОГДОЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН 2 ӨДӨР БОЛЖ ӨНДӨРЛӨӨ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтгая! Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичигт туссан 17 зорилтуудыг хэрэгжүүлэхэд орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг нийтэд таниулах, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогын алсын хараа, эрхэм зорилгыг тогтоох, тэргүүлэх чиглэлийг эрэмбэлэх, орон зайн мэдээллийн үндэсний хөгжлийн стратегийн чиг хандлагыг олон улсын чиг хандлагатай уялдуулах зорилгоор энэхүү олон улсын зөвлөгөөнийг эх орондоо зохион байгуулж байна.

Орон зайн өгөгдлийн дэд бүтцийг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” Дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх чиглэлийн 5 дугаар зорилтод “...үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийг байгуулах...” гэж, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай хуулийн төслийг боловсруулна,” гэж, мөн “Төрөөс орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримтлах бодлогыг тодорхойлох,” гэж тус тус заасныг хэрэгжүүлэх зорилгоор Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар бусад төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач нар үндэсний хэмжээнд орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, Хууль, эрх зүйн орчныг шинээр бий болгохоор ажиллаж байна.

НҮБ-ын 2015 оны 9 дүгээр сард баталсан “Эх дэлхийгээ шинэчилье: Тогтвортой хөгжлийн хөтөлбөр–2030” баримт бичиг цагаа олсон, баталгаатай, чанартай орон зайд суурилсан төрөл бүрийн мэдээлэл нь оновчтой хөгжлийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцын үндэс суурь болдог чухал ач холбогдолтойг онцолсон юм. Үүний мөрөөр НҮБ-ын Дэлхийн Орон зайн мэдээллийн менежментийн Зөвлөхүүдийн хорооны 8 дугаар хурлаар дэлхийн улс орнуудыг үндэснийхээ онцлог нөхцөл байдал, Засгийн газрынхаа тэргүүлэх чиглэлдээ тохируулан орон зайн мэдээллийн менежментийн бодлого, стратегиа тодорхойлж, хэрэгжүүлэхэд чиглэл өгөх “Орон зайн мэдээллийн нэгдсэн хүрээ” баримт бичгийг баталсан.
НҮБ-аас Энэхүү баримт бичгийн “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын орон зайн мэдээллийн менежментийн чадавхыг бэхжүүлэх” төслийг Африк, Ази, номхон далайн бүс нутгийн хөгжиж буй 6 улсыг сонгон 2018-2021 он хүртэл гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм. Эдгээр 6 улсын нэгээр Монгол Улс сонгогдсонд туйлын баяртай байна. Энэ төсөл нь манай улсын үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийг байгуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг хурдасгах үр өгөөжтэй юм.

Дэлхий нийтээр байрлалд суурилсан орон зайн өгөгдлийн дэд бүтцэд шилжиж байгаа энэ үед Азидаа мэдээллийн хэрэглээгээрээ тэргүүлж буй Монгол Улсын хувьд хөгжиж буй орнуудаа манлайлан шилжих шаардлагатай байна. Бидний зорилго бол Монгол Улсын иргэн, төрийн болон бусад бүх байгууллагын холбогдох мэдээллийг орон зайн мэдээллээр дамжуулан авдаг тогтолцоонд шилжүүлэх явдал юм. Ингэснээр Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн мэдээллийг бүрдүүлэгч нь тусдаа субъект байхгүй, иргэн, төрийн болон бусад бүх байгууллагууд мэдээлэл бүрдүүлэгч нь бөгөөд хэрэглэгч нь байх болно.

Иймд Орон зайн өгөгдлийн дэд бүтэц байгуулахын тулд та бүхний оролцоо маш чухал байна. Бид суурь дэд бүтцийг нь байгууллаа, харин та бүхэн хамгийн үнэн зөв, шуурхай мэдээллээ орон зайн өгөгдлийн дэд бүтцэд шилжүүлэх нь бүх нийтийн үүрэг болж байгааг онцлон тэмдэглэж байна. Та бүхний тусламжтайгаар орон зайн өгөгдлийн дэд бүтцийн мэдээллийг хэрэглэгч бүрийн гар дээр хүргэх болно.
Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье гэв.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан