Баян-Өлгий аймагт барилгын материалын сорилт шинжилгээний лаборатортой болно.

Баян-Өлгий аймагт барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн барилгын суурь тавих үйл ажиллагааны нээлт боллоо. Үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Барилга, хот байгуулалтын Төрийн Захиргааны удирадлагын газрын дарга У.Отгонбаяр, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга К.Болат нар оролцов.35541652_1800820416669839_3684095965800693760_n

Барилга, байгууламжийн он удаан жил орших эдэлгээний хугацаа, аюулгүй байдал, чанар, өнгө үзэмж нь тухайн барилгыг бүтээж бий болгоход хэрэглэсэн материалын чанар, шинж байдлаас шууд хамаардаг. Архитектор, инженерүүдийн тооцож гаргасан зурж бүтээсэн төслийг бодит барилга, байгууламж болгож ашиглалтын хугацаанд тохиолдож болзошгүй байгаль, цаг уурын нөлөөлөл, онц ноцтой хүчин зүйлийг тэсвэрлэх нөхцлийг тухайн барилга байгууламжид хэрэглэсэн материал бүрийн чанарын үзүүлэлт хангаж өгдөг. Улсын Их Хурал, Засгийн газрийн зүгээс гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх ажлыг сүүлийн үед эрчимтэй авч хэрэгжүүлсээр байна. Тухайлбал Засгийн газрын 308 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын материалд тавих хяналтыг сайжруулах лабораторийн хөтөлбөр”, Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 05/13 тоот тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн хийц бүтээц, газар хөдлөлтийн тэсвэрлэлтийг тогтоох, турших, дүгнэлт өгөх, барилгын төлөвлөлт, угсралт, ашиглалтын үе шатны чанар, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэгдсэн лабораторийн сүлжээг Нийслэл хот, 21 аймагт бий болгон ажиллуулах, тэдгээрийг боловсон хүчин багаж, техник, тоног төхөөрөмжөөр хангах…” гэж тусгасан байдаг. Монгол орны нутаг дэвсгэрт  тохиолдож буй газар хөдлөлт тогтмол нэмэгдэж, сүүлийн 2 жилд газар хөдлөлтийн идэвхжилт, эрсдэл манай улсад 1,3-2,1 дахин өссөн байна. Барилга, хот байгуулалтын яам нь 12 аймгийн хэмжээнд газар хөдлөлийн бичил мужлалын зураглал, газар хөдлөлийн эрсдэлийг тодорхойлоход чиглэсэн инженер-геологи, гидрогеологи, газар хөдлөлт, техникийн судалгааны ажлыг 2012-2017 оны хооронд Одон орон геофизикийн хүрээлэнгээр хийж гүйцэтгүүлсэн. Уг судалгааны ажлын хүрээнд Баян-Өлгий аймаг нь газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй 9 баллтай бүсэд оршиж байгаа юм.

Мөн өнгөрсөн онд аймаг, орон нутагт  хийсэн нэгдсэн судалгаагаар нийт барилгын 10,5 хувь нь  ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй болох нь холбогдох байгууллагуудын хийсэн нэгдсэн үзлэг шалгалтаар тодорхойлогдсон.  Улсын хэмжээнд 2018 оны байдлаар нийт 6627 орон сууц ашиглагдаж байгаагаас ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай барилга нийслэлд 349, орон нутагт 702, үүнээс мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглахыг хориглосон нийслэлд 234, орон нутагт 221 барилга байна гэсэн судалгаа байгаа аж. Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд одоогийн байдлаар Өвөрхангай, Архангай, Хэнтий, Өмнөговь, Ховд, Баян-Өлгий аймгуудын  барилгын материалын сорилт, шинжилгээний лабораторийн барилга байгууламжийн ажлыг эхлүүлээд байна. Барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт шинжлэх ухаан, техникийн стандарт шаардлагыг хангасан лабораторийг байгуулсанаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл сайжирна хэмээн иргэд, салбарын эрдэмтэд, судлаачид сайшаан хүлээн авч байгаа юм.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан