Г.Мөнхбаяр: Дөрвөн тэрбум долларын гэрээ зурагдахад бэлэн болоод байсан

Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярын МЭДЭЭ.МН цахим хуудсанд өгсөн ярилцлагыг хүргэж байна. -Өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хойшилсон. Яг энэ асуудлаар уншигчдадаа мэдээлэл өгч, ярилцлагаа эхлүүлье. -Ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш дөрвөн их наяд төгрөг зарсан гэсэн ерөнхий дүн байгаа. Энэ нь нэг зээлдэгчид 50 орчим сая төгрөг ногдож буй тоон үзүүлэлт юм. Одоогоор ипотекийн зээлд 88 мянган иргэн хамрагдсан байна. Яг өнөөдрийн байдлаар бол ипотекийн зээл эргэн төлөлтөөрөө санхүүжиж байгаа. Сүүлийн хоёр сар ипотекийн зээл энэ хэлбэрээр олгогдож, сард дунджаар 25-30 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүрээнд 200 орчим иргэнд зээл олгогдсон байна. Мэргэжлийн засгийн газраас ипотекийн зээлийг үргэлжлүүлэхдээ мөнгө хэвлэхгүй байх шийдэлд хүрсэн. -Саяхан Монголбанкнаас арилжааны банкуудын ипотекийн зээлийн эх үүсвэрийн зээлийн гэрээг сунгасан. Гэхдээ энэ нь одоогийн олгогдож буй эх үүсвэр нэмэгдэнэ гэсэн үг биш биз дээ? -Арилжааны банкууд мөнгөө дөрвөн хувийн хүүгээр Монголбанкнаас авч, иргэдэд найман хувийн хүүтэйгээр ипотекийн зээл олгож байгаа. Энэ зорилгоор арилжааны банкуудын зээлж авсан эх үүсвэр нь нийтдээ 822 тэрбум төгрөг байгаа юм. Зээлийн гэрээ энэ онд дуусаж байгаа учраас Монголбанк руу төлөлт хийгдэх ёстой. Харин Монголбанкны зүгээс ипотекийн зээлийн эх үүсвэр багасч, нөгөө талд иргэдийн зээлэнд хамрагдах хүсэлт нэмэгдэж буйтай холбогдуулан арилжааны банкуудын зээлийн гэрээг нэг жилээр сунгасан юм билээ. Тэгэхээр энэ мөнгө тухайн банкууддаа эх үүсвэр болж үлдэж байгаа, ийм л хэлбэр. -Ипотекийн зээлийн хамрах хүрээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3-4 дахин буурлаа. Цаашид зээлийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх асуудлаар салбар яам ямар бодлого барьж байгаа вэ? -Барилга хот байгуулалтын яам эх үүсвэр бүрдүүлэгч байгууллага биш. Манай яам бол Монголбанк, Сангийн яам биш. Гэхдээ бид иргэдийн зээлэнд хамрагдах тоо, хүртээмжийг нэмэх асуудлаар Сангийн яам, Монголбанктай ажлын уулзалтууд маш олон удаа хийж байна. Сая энэ асуудал үндсэндээ бараг л шийдэгдэж байсан. Сангийн яам гаднынхантай гэрээ байгуулж, ипотекийн эх үүсвэрийг бодитоор нь олж байсан үе. Гэтэл улс төрийн тодорхойгүй нөхцөл байдал үүсээд хойшилчихлоо. Хэрвээ ийм асуудал үүсээгүй бол нийслэлд найман хувь, орон нутагт таван хувиар ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлээд явах байсан. -Улс төрийн ойлгомжгүй нөхцөл байдал үүссэнээс болоод ипотекийн зээлийн асуудлын шинэ шийдэл зогсчихгүй биз дээ? -Ипотекийн зээл одоо байгаа боломж дээрээ тулгуурлаад цаашдаа үргэлжилнэ. Эх үүсвэрийг илүү бодит болгох асуудлаар бид гэрээ хэлэлцээрүүдээ үргэлжлүүлнэ.

110114-АСУУДЛЛЫГ ХЭТЭРХИЙ НЭГ ТАЛААС ХАРЖ, СЕНСААЦИЛАХ ХЭРЭГГҮЙ-

-Та эх үүсвэрийг Монголбанк шийднэ, засгийн газар зээлээ үргэлжлүүлнэ гэдэг. Монголбанк эх үүсвэрийн хүндрэлийг Сангийн яам шийдэх ёстой гэсэн байр суурь илэрхийлдэг. Энэ өнцгөөс харахаар ипотекийн зээлийн шинэ эх үүсвэрийн асуудал нэг л эзэнгүйдчих гээд байгаа юм шиг?

-Эзэнгүйдэхгүй. Угаасаа засгийн газар ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, хүртээмжтэй болгох бодлого баримталж байгаа. Ипотекийн зээлийг хариуцах эзэн нь Монголбанк, Засгийн газар. Бид нэгэн рүүгээ энэ асуудлыг түлхэхгүй. Тиймээс ч эх үүсвэрийг бодитой болгох асуудлаар Сангийн яам идэвхтэй хэлэлцээр хийж байгаа. Дахин хэлэхэд, энэ асуудал сая бараг л шийдэгдчихээд байсан. Гэвч улс төрийн ойлгомжгүй нөхцөл байдлаас үүдээд хойшилчихлоо. Дөрвөн тэрбум ам.доллар орж ирэхээр гэрээ зурагдахад бэлэн болоод байсан. -Зөвхөн ипотекийн зээлийн бодит эх үүсвэрт зориулагдаж уу? -Зөвхөн ипотект. Өмнө нь ипотекийн зээлийн эх үүсвэрийг мөнгө хэвлэх замаар шийдэж ирсэн. Гэтэл энэ аргачлал валютын өсөлтөд сөргөөр нөлөөлсөн. Тийм учраас Монголбанк мөнгө хэвлэхээс татгалзаж, мөнгө босгох асуудлыг бодлогын хүрээнд чухалчилсан. Яаж мөнгө босгох вэ гэхээр дөрвөн их наяд төгрөг зарцуулсан ипотекийн зээлийн багцаа биржээр гаргаж зарах. Дэлхийн банкнаас технологи судлаад байсны учир энэ юм. Бид ипотекийн зээлийн багцаа зарах замаар дөрвөн тэрбумыг босгох бүрэн боломжтой. -Ипотекийн зээлийн багцаа гадагш нь зарчихаар энэ асуудалд Засгийн газар ямар үүрэг хүлээнэ гэсэн үг вэ? -Ипотекийн зээлийн багцаа дөрвөн тэрбумаар зарчихвал эргэн төлөлтийн асуудал хөндөгдөхгүй. Засгийн газарт ямар ч эрсдэл үүсэхгүй. УИХ, Монголбанкинд хариуцлага ирэхгүй. Ипотекийн зээлийг багцыг зарж олсон дөрвөн тэрбум ам.доллар эргээд тэр чигтээ ард түмэн рүү явна. Зээл хэлбэрээр хүмүүст очих энэ мөнгөний төлөлтийг зээлдэгчид төлнө. Ийм зөв гарцыг хувьд технологийн хувьд бүрэн боловсруулчихаад байна. Гэхдээ энэ асуудал ингээд зогсчихгүй. Цаашид хэлэлцээрүүд үргэлжлээд явна. -Биржээр дамжуулж зарах нөхцөл санал болгож байгаа учраас сонирхогч гарч ирнэ гэдэгт итгэлтэй байгаа хэрэг үү? -Сонирхогч байгаа учраас хэрэгжээд явна. Улс төрийн тодорхой бус байдал, хэзээ шийдэлд хүрэхийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан бид шийдлээ ингэж боловсруулаад, саналаа нээлттэй байдлаар тавьсан. Асуудлыг хэтэрхий нэг талаас харж, сенсаацилах хэрэггүй. Өөр шийдэл гэхээр, зээлээр гаднаас эх үүсвэр босгох асуудал хөндөгдөнө. Зээлэнд хүү төлнө. Улс орны эдийн засгийн байдал хүнд байхад ийм дарамт үүсгэхгүйгээр шийдэх гарц байгаа. Ипотекийн зээлийн багцаа зарчихаар зээлэнд орсон иргэд зээлээ төлөөд л явахад асуудал үүсэхгүй. -Иргэдийн төлөлт дээр асуудал үүсвэл хэн хариуцах вэ? -Ямар ч асуудал үүсэхгүй. Чи өөр дээрээ аваад үз. Байрны зээлэнд орсон бол бүх хэрэглээгээ танаж байгаад зээлээ л төлдөг байхгүй юу. Ипотекийн зээл хамгийн сайн төлөлттэй, асуудалгүй хэлбэрээр явж ирсэн. Манай монголчууд ийм зан чанартай улс. Зээлийн хугацаа нь 25-30 жилийн гэрээтэй ч гэсэн, маш богино хугацаанд зээлээ төлөхийг эрмэлздэг.

110113-БАРИЛГЫН КОМПАНИУДЫН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭГ СУНГАСАН-

-Ипотекийн зээлийн хүртээмж сүүлийн саруудад нэлээд саарлаа. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед манай барилгын компаниудын нөхцөл байдал ямар байна? -Барилгын компаниудын борлуулалт удааширснаас үүдэн арилжааны банкуудаас авсан зээлээ төлөхөд хүндрэл үүсч байгаа. Зээлийн төлөлт хийгдэх хугацааг хойшлуулаад өгөөч гэсэн нийтлэг асуудлаар яамандаа хандаж дэмжлэг хүсдэг. Бид энэ асуудлыг Монголбанктай зөвшилцөх замаар шийдэж байна. Компаниуд зээлээ төлөхгүй биш төлье, хугацаа өгөөч гэж байна. Тэгэхээр Монголбанк арилжааны банкуудтай зөвшилцөх замаар гэрээг нь сунгаж өгч байгаа юм. -Түрээсийн байрны талбайн хэмжээг нэмэгдүүлснээр эдийн засагт эерэг өгөөжөө өгч байна уу? -Төрийн барьсан байрууд дээр түрээсийн талбайн хэмжээг нэмэгдүүлж өгсөн нь маш зөв шийдэл болсон. Түрээсийн байран дээр тодорхой хязгаар тавихгүй болохоор иргэдэд ч бас нээлттэй сонголт үүсч байна. Байрны борлуулалт нэгэнт муу байгаа учраас том талбайтай байрыг ч гэсэн түрээслээд явах нь зүйтэй гэсэн саналыг Засгийн газрын хуралдаанаар оруулаад шийдчихлээ. -Эрх баригч нам нийслэлийн дахин төлөвлөлтийн асуудалд шүүмжлэлтэй ханддаг. Дахин төлөвлөлтийг ямар бодлогоор нөхөх ёстой гэж та үзэж байна вэ? -Маш амархан. Дахин төлөвлөлт дээр нэг л асуудал шийдэж чадахгүй байсан. Тэр нь дэд бүтцийн асуудал. Өнгөрсөн дөрвөн жилд нэг ч дэд бүтэц хийгдээгүй. Тийм учраас бид энэ чиглэлд анхаарч ажиллана. Дарь-Эхэд амьдардаг хэн нэгэнд бид бохирын шугамыг нь татаад өгчих хэрэгтэй. Үүнийг хийгээд өгчихөд хашаандаа амины орон сууц барина уу, иргэд нэгдээд газраа чөлөөлөх замаар нийтийн барина уу тэр дурын асуудал болно. Тэгэхээр бид дэд бүтцийг нь хамгийн хурдан шийдэж болох газрыг шүүж үзээд, эхнээс нь шийдээд явж байгаа. Азийн хөгжлийн банкнаас 920 сая орчим ам.долларын зээлийг энэ зориулалтаар авахаар болсон. -Энэ ажил хэдийгээр эхлэх вэ? -Одоо Чингэлтэй, Баянхошуунд ажил нь эхэлж байна. Цаашдаа шат дараатай үргэлжлээд явна. Би өөрөө хотын дарга байсан хүн, ажлаа мэднэ. Дараачийн хүн нь гарч ирээд миний хийж байсан ажлыг зогсоочихсон байхгүй юу. Дахин төлөвлөлтөөр баахан компаниуд оруулаад, ажлаа хий гэдэг. Иргэд дээр очоод газраа битгий өг гэдэг. Тэгэхээр чинь ажил нь яаж явах юм бэ. Одоо бид иргэний газартай ярихгүй. Дэд бүтцийг нь шийдээд л явчихна. Энэ мэтээр ажил мэргэжлийн дагуу явна. Ер нь ипотекийн зээлийг ч би он гарсны дараа гоё болгоно. Би улс төрч биш, мэргэжлийн хүн мэргэжлийнхээ ажлыг хийгээд л явна.

110112-ИРЭХ ЖИЛ МАНАЙ САЛБАРТ ЯМАР Ч ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙГДЭХГҮЙ-

-Улс төр гэснээс сайдын багц тань ирэх жилд 56.9 тэрбумаар батлагджээ. Ийм мөнгөөр ирэх жил юу хийж болох вэ гэдэг асуудал биш үү? -Сайдын багц маш багаар батлагдсан. Эдийн засаг хямарсан учраас манай салбарт ирэх жил ямар ч хөрөнгө оруулалт хийгдэхгүй. Энэ мөнгөөр салбарын ажилчдын цалинг тавиад л явна. Хөрөнгө оруулалт төсөв дээр тусгагдаагүй учраас төсөл хөтөлбөрүүдээ аваад гадныхантай л уулзаж байна. Маш сайн төслүүд боловсруулж, техникийн шийдлээ хийчихээд хөнгөлөлттэй зээл олгох асуудлаар уулзаад, шийдэлд хүрээд явж байна. Тухайлбал, Сэлбэ, Баянхошуунд баригдах дэд төвүүд дээр уурын зуух барихаар төлөвлөгдсөн байсан. Энэ буруу шийдлийг би сайдын хувиар болиулж, төвлөрсөн дулааны шугамд холбохоор болгосон. Бас цэвэрлэх байгууламж байна. Тендер зарлачихсан, дүгнэж чадаагүй байсан. Учир нь ямар технологи сонгохоо мэдэхгүй байсныг бид шийдээд өглөө. Ингээд ирэхээр санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банкны хувьд ч тэр, асуудал хүндрэлгүй болж байна. Төв байгууламжийн үнэрийг дарах, усыг дахин боловсруулах замаар ашиглах зэрэг техникийн шийдлүүдийг нь бодлогын хувьд гаргаж тавилаа. Өмнө нь үүнийг хэн ч ярьдаггүй байсан. Одоо сайд нь мэргэжлийн хүн учраас техникийн бодлогыг бүрэн шийдэж, холбогдох байгууллагууд нэгдсэн шийдэлд хүрч чадлаа. -Таны энэ мэргэжлийн хүрээний саналууд засгийн газрын улс төржилтөд автахгүй, дэмжигдэж байна уу? -Миний хувьд энэ засгийн газар дээр асуудал шийдүүлэхэд улс төржилд үүсэхгүй байна. Засгийн газар эдийн засгийн хүндрэлээс хамгийн түрүүнд гаргаж болох төсөл хөтөлбөрүүдээ дэмжиж ажиллаж байж ажлын байрыг нэмэгдүүлж, мөнгөний эргэлт үүсгэж чадна. Бид алийн болгон гаднаас мөнгө гуйж явах юм бэ. Зээл хэлбэрээр мөнгө аваад л байна. Үр дүн нь хаана байна, өнөөдөр. Мэргэжлийн шийдлийг ингэж гаргаж яваагүй учраас зээлүүд үр дүнгүй зүйлд зориулагдсан. Маш сайн төслүүд байсан ч хэдэн УИХ-ын гишүүд нь хуваагаад авчихсан байх жишээтэй. Арай дэндүү сэтгэлгүй. Жишээ нь, би танай сайтыг АН-ын бодлогыг түлхүү дэмждэг гээд ярилцлага өгөхгүй байх уу. Ингэж болохгүй байхгүй юу. Сайд хүн намын ялгаа яриад, тэнэгтээд явахаар ажил урагшаа явахгүй. Тиймээс бодлогын хүрээнд дэмжиж болохоор л ажлууд байвал би нам харгалзахгүй төслийг нь хүлээгээд л авна. Ингээд явахаар манай салбарт хоёр жилийн дараа гэхэд хөдөлгөөн гарна. Хамгийн гол нь бидэнд их мөнгө алга. Байгаа боломжийнхоо хүрээнд шийдлээ зөв гаргаад явна. Үүн дээр би ёстой амлалт өгч чадна. Орж ирж байгаа мөнгөнүүд зөв зүйлд зарцуулагдахаар эргээд үр дүн нь гарч ирнэ. Ж.МЯДАГБАДАМ ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН   Эх сурвалж: http://www.medee.mn/main.php?eid=86692  


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан