БХБЯ салбарынхаа хүрээнд төрийн чиг үүргийн шинжилгээ хийлээ

Барилга, хот байгуулалтын яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын

газрын дарга Н.Нарантуяатай ярилцлаа.

-Төрийн үйлчилгээг иргэдэд илүү үр дүнтэй, хүртээмжтэй хүргэх зорилгоор төвлөрлийг сааруулах бодлогыг төрөөс эрчимтэй хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд тус яамнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл өгнө үү.

-Төрөөс төвлөрлийг сааруулах шинэчлэлийг хэрэгжүүлэх гол үндэс суурь нь төрийн байгууллагын чиг үүргийг оновчтой хуваарилах асуудал байдаг. Олон жил төвлөрлийг сааруулна, төрийн байгууллагуудын чиг үүргийн давхардал хийдлийг арилгана, оновчтой хуваарилна, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод шилжүүлнэ гэж ярьж ирсэн ч бодитой хэрэгжихэд хэд хэдэн хүндрэл байсан. Тухайлбал: Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжуудад төрийн байгууллагын чиг үүргийг нарийвчлан зааглаагүй, хариуцлага нь чиг үүрэгтэйгээ уялдаагүй, чиг үүргийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр хангалтгүй зэрэг  шийдвэрлэвэл зохих асуудлууд байсаар байна. Үүнээс шалтгаалж төрийн чухам ямар чиг үүргийг хэрхэн хуваарилах нь эргэлзээтэй байсан. Харин Засгийн газрын 2018 оны 22 дугаар тогтоолоор “Чиг үүрэг дахин хуваарилах аргачлал”-ыг баталсанаар төрийн чиг үүргийн шинжилгээг шинжлэх ухааны үндэслэлтэй, практикт нийцсэн байдлаар хийх боломж бүрэлдсэн.  Тус яам энэхүү аргачлалын дагуу салбарынхаа хүрээнд чиг үүргийн шинжилгээ хийж, дахин хуваарилах саналыг боловсруулан ажиллалаа.

-Энэ ажил ямар цар хүрээг хамарч, хичнээн хугацааг зарцуулав, хүндрэл бэрхшээл юу байв?

-Салбарын чиг үүргийн шинжилгээг хийж, дахин хуваарилах санал боловсруулах техникийн ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 4-р сарын 6-ны 56 дугаар тушаалаар байгуулсан. Энэ ажлын хэсэгт ажлын зорилго, цар хүрээгээ бодож үзээд аль болох салбартаа олон жил ажилласан туршлагатай ахлах мэргэжилтнүүдийг оролцуулах, мөн салбарын төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодынхоо оролцоог хангахыг зорьсон. Чиг үүргийн шинжилгээ нь хууль эрх зүйн орчны өргөн цар хүрээнд хийгдэх тул яамныхаа Хуулийн хэлтэс, мөн санхүүгийн шинжилгээнд төсөв санхүү хариуцсан мэргэжилтнүүдээ оролцуулах зэргээр ажилласан. Өнөөдрийн байдлаар чиг үүргийн шинжилгээ бүрэн хийгдэж төрийн захиргааны байгууллагын түвшин хооронд болон төрийн бус байгууллага мэргэжлийн холбоонд шилжүүлэх боломжтой чиг үүргийн саналыг боловсруулаад байна. Өнгөрсөн оны 4-р сараас эхэлсэн гэхэд чамлахааргүй амжилттай гэж үзэж байгаа. Хүндрэл бэрхшээлийн хувьд гэвэл нилээд цаг зарцуулсан, нямбай ажиллагаа ихтэй нарийн нягт ажил байлаа. Шинжилгээний цар хүрээ өргөн учраас туршлагатай баг зөв менежментээр ажлаа зөв хуваарилж чадвал богино хугацаанд хийх боломжтой гэж ойлгосон.

-Өнөөдрийн байдлаар төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоонд шилжүүлсэн ямар чиг үүргүүд байна? Цаашид шилжүүлэх боломж байна уу?

- Чиг үүргийн шинжилгээ хийхэд тус яам 2 ерөнхий, 5 үндсэн, 43 дэд чиг үүргийг хэрэгжүүлж байна. Эдгээрээс Барилгын тухай хуулийн 34.1.13-д заасан Архитектор, хот төлөвлөлтийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулах, Барилгын тухай хуулийн 34.1.3-т заасан чиг үүргийн хүрээнд Барилгын салбарын архитектор, хот төлөвлөлтийн мэргэжилтнийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх сургалт,  барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох сургалтын чиг үүргүүдийг төрийн бус байгууллагад, Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасан Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг гүйцэтгүүлэх,  мөн материалын үйлдвэрлэл эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг салбарын мэргэжлийн холбоо, ТББ-аар гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн байгаа. Түүнчлэн Барилгын тухай хуульд Төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр заасан бусад чиг үүргийг Барилгын хөгжлийн төвөөр гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн. Цаашид төрийн захиргааны төв байгууллага хооронд чиг үүргийн давхардал байгааг арилгах, мөн төрийн захиргааны байгууллагын түвшин хооронд хуваарилах, ТББ, Мэргэжлийн холбоонд шилжүүлэх боломжтой чиг үүргүүд бий. Бид энэ талаарх саналаа боловсруулсан. Удахгүй болох салбарын баяр болон, зөвлөгөөнөөр хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

- Чиг үүргийн шинжилгээ хийсний үр дүн юу вэ?

-Төр чиг үүргээ өөрийн эрх мэдлээр дамжуулан хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл хүн энэ үйл ажиллагааг эрхэлнэ гэсэн үг. Эрх мэдлийн төвлөрөл нь хэт их ачааллыг бий болгох бөгөөд хүнд суртал, авлигын урьдчилсан нөхцөл боломжийг бүрдүүлж байдаг. Нэгэнт төр өөрийн хүчин чадлаар иргэдэд үзүүлэх үйлчилгээг бүх талаар үзүүлэх боломж, хүртээмжгүйгээс хойш хуваарилалт хийх нь зайлшгүй. БХБЯ-ны ажлын хэсэг нь энэ ажлыг зөвхөн Засгийн газрын 22 дугаар тогтоолоор баталсан аргачлалаар хязгаарлаагүй. Салбарын чиг үүргийн шинжилгээг хийснээр цаашид байгууллагын дотоод орчны шинжилгээ хийхэд үндэс суурь болно гэдгийг тооцсон учраас байгууллагынхаа дотоод бүтэц, ажлын байрны чиг үүргийг сайжруулах, оновчтой болгох, давхардал, хийдлийг арилгах талаар санал, зөвлөмж боловсруулж өгсөн.   

Бид салбарын чиг үүргийн шинжилгээг хийх явцад Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт 2018 оны байдлаар 3 удаа ажлаа танилцуулж, аргачлалын талаар зарим заавар, зөвлөмжийг авч байсан. Мөн function.gov.mn  цахим мэдээллийн санг хөгжүүлэхэд тус ажлын хэсэг бодитой хувь нэмрээ оруулж хамтран ажилласан. Тус ажлын хэсгийн нарийн бичгийн дарга бусад салбарын яамдад сургагч багшаар ажиллахаар болоод байгаа нь ажлын хэсгийн маань ажлын бас нэг үр дүн гэж хэлж болно.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан