ЭМГЭНЭЛ
Монгол Улсын Гавьяат барилгачин
Даваажавын Өлзийхишиг
/1938-2021/
Монгол Улсын “Гавьяат барилгачин” Даваажавын Өлзийхишиг нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өвчний улмаас таалал төгсч Монголын архитектур, хот байгуулалтын салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.
Д.Өлзийхишиг нь 1938 онд Улаанбаатар хотод төрж, 1947-1957 онд 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1957-1964 онд Москва хотын Архитектурын дээд сургуулийг архитектор мэргэжлээр төгсчээ.
1981-1987 онд Барилга, архитектур, Техник Хяналтын Улсын хороонд эксперт, 1988-1991 онд Улсын Барилгын зургийн институтэд бригадын дарга, 1992-1996 онд Дэд бүтцийн яаманд ерөнхий эксперт зэрэг хариуцлагатай албуудыг хашиж байжээ.
Д.Өлзийхишиг нь Монголын барилга-архитектур, хот байгуулалтын хөгжилд үнэтэй гавьяа байгуулж, 60 гаруй барилгын зураг төсөл боловсруулж, 320 гаруй барилгын зурагт экспертээр ажиллаж, Монгол орны байгаль, уур амьсгалын онцлог, нийгмийн хөгжил, хүний хэрэгцээнд нийцсэн зураг төсөл боловсруулах, барьж байгуулахад гар бие оролцсон манай анхны архитекторуудын нэг бөгөөд түүний мэдлэг оюун, бүтээлч зан чанар, зохион байгуулах авьяас чадвар нь залуу үед үлгэрлэл болсон, манай тэргүүний ахмад архитектор байлаа.
Д.Өлзийхишигийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж “Тэргүүний барилгачин” цол тэмдэг, Ардын хувьсгалын ойн медалиуд, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор тус тус шагнаж, 2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Гавьяат барилгачин” цол хүртээжээ.
Талийгаачийн хөдөлмөрч, хичээнгүй, нөхөрсөг, хүнлэг нандин зан чанар, эгэл даруу гэгээн дүр нь бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.
Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР, ДЭД САЙД Э.ЗОЛБОО, ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.МАГНАЙСҮРЭН, БХБЯ-НЫ ХАМТ ОЛОН.
2021.11.03