Барилга хот байгуулалтын сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар ипотекийн зээлийн талаар ярилцав

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай уулзлаа. Ажил хэргийн энэхүү уулзалтаар ипотекийн зээлийг 8 хувийн хүүтэйгээр үргэлжлүүлэх эрмэлзэл, эдийн засаг, нийгэмд хэр ач холбогдолтой байх талаар санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн. Дээрх хоёр субъектын хувьд хариуцсан ажил үүргийн тухайд зорьсон зорилго нэг ч хүрэх арга зам, өмнөө тавих тэргүүн асуудал нь өөр өөр байх нь мэдээж. Тиймээс үүнийгээ хэрхэн нэгтгэж болох талаар ярилцсан юм. Тухайлбал, Монголбанкнаас Үнэ тогтворжуулах хөтөлбөр эхэлсэн. Үүн дотор барилгын материалын үнэ тогтворжуулах дэд хөтөлбөртэй уялдаж найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр зэрэг эхэлсэн. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа дууссан тул ипотекийн зээлийг үргэлжлүүлэх хууль эрхзүйн үндэслэлгүй болчихлоо. Нэгэнт барилгын материалын үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр ч зогссон, тухайн үед Монголбанкны ерөнхийлөгч болон Барилга хот байгуулалтын сайд нарын байгуулсан гэрээ энэ оны нэгдүгээр сард дуусгавар болсон. Тиймээс УИХ-ын тогтоол батлагдсан тохиолдолд ипотекийн зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх боломжтой. Энэ хөтөлбөрийг зогсоовол банкны салбаруудын үйл ажиллагаа доголдож, гадаад эх үүсвэрийн урсгалд гацаа үүсэх учраас үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа гэсэн юм. Мөн Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн хэрэгжилтийн хугацааг эргэн харахгүй бол санхүүжилтийн эх үүсвэр байхгүй байгаа талаар тайлбарлалаа. Дашрамд сануулахад Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг 2016 оны нэгдүгээр сарын 22-нд батлагдсан, ипотекийн зээлтэй олон талаар холбоотой хэдий ч уг сангийн хөрөнгийн удирдлагыг эдүгээ яаж зохицуулах нь ойлгомжгүй болчихоод байгаа. Гэтэл Сангийн яам нь Засгийн газрын энэ оны есдүгээр сарын 12-ны өдрийн 40 дүгээр тогтоолын дагуу нь Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг Монголбанк руу шилжүүлчихсэн нь “баахан тодорхойгүй асуултын тэмдэггүй хоосон сан”-д найдахад хүргэж ийнхүү хүндрэл учруулж буй аж. Уулзалтын үеэр БХБ-ын сайд Г.Мөнхбаяр юуны өмнө зах зээлийн эрэлт, хүлээлтээс харахад 100 болон түүнээс дээш м.кв талбайтай орон сууцыг сонирхож байгаад үндэслэн манай яам “120 хүртэлх м.кв талбайтай орон сууцыг худалдан авагч бусад зээлдэгчтэй тэгш эрх эдэлж найман хувийн хүүтэй зээлд хамрагдвал борлогдохгүй байгаа орон сууцууд эдийн засгийн эрэлтэд орохоор байна” гэсэн саналаа Засгийн газарт уламжилсан. Энэ санал маань 100 м.кв хүртэлх талбайтай орон сууцыг найман хувийн хүүтэй зээлд хамрагдаж болох юм гэсэн Засгийн газрын шийдвэрт хүрсэн. Санхүүгийн нөхцөл байдал, Засгийн газрын өр төлбөр, гадаад валютын албан нөөц зэрэг факторуудаа харгалзаж судалж нааштайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт тавилаа. Хоёр талаас энэ талаар ажлын хэсэг байгуулж, Барилга хот байгуулалтын сайд болон Монголбанкны ерөнхийлөгчийн хамтарсан тушаал батлах, УИХ, ЗГ-аар аль болох богино хугацаанд нааштайгаар шийдэхээр болж байна. Зээлдэгчдийн хамгийн их гомдоллодог нэг чухал асуудлыг шийдсэн нь арилжааны банкуудын зүгээс зээлдэгчдэд тавьдаг “Та 30 хувийн урьдчилгаагаа ямар эх үүсвэрээр олсон бэ” гэдэг “байцаалт” шиг асуултаас ангижрахаар боллоо. Ингэснээр ипотекийн зээл авах гэж байгаа иргэн өөр банк, санхүүгийн байгууллагад өртэй эсэхийг зээлийн мэдээллийн сангаасаа шалгаж хянахаас бус, хэнээс авсан, бэлэглэв үү, бэлэглүүлэв үү, гэр бүлийнхнээрээ туслуулав уу гэдгийг банк “шалгахгүй, шалгаахгүй” байхаар журамд өөрчлөлт оруулах нь. Мөн ипотекийн зээлийг дамлан худалдах явдал байгааг гаднынхны судалгаанаас олж харах бус Монголбанкны Ерөнхийлөгч маань ч олж хараад тэмцэж эхлээд байгааг сонслоо. Арилжааны банкууд ипотекийн зээлийн хөтөлбөрт хамтарч ажилласнаар огт ашиггүй ажилладаг уу, өөрсдийн гаргах үүрэг бүхий эх үүсвэрийг зарцуулдаг уу гэхчлэн олон асуултад хариулт авлаа. Найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг үргэлжлүүлэх талаар УИХ-ын тогтоол батлагдсаны дараа хоёр талын байгуулах гэрээгээр энэ талаар нэлээд нарийвчлалтай хяналтын механизм бүрдэх нь гэсэн хүлээлт үүсгээд байна. Түүнчлэн ипотекийн таван хувийн хүүтэй зээлийн шугам зогссон ч хамгийн гол нь зээлд хамрагдсан бүх хүсэлтийг санхүүжүүлээд зогсоосон байгаа юм. Энэ хөтөлбөрт хамрагдсан 1948 иргэнд нийт 54 тэрбум төгрөгийн санхүүжилтийг энэ оны есдүгээр сард багтаан олгож “5 хувийн зээл түр баяртай” болжээ. Цаашид санхүүжүүлэх эх үүсвэр байвал орон нутагт уг хөтөлбөрийг хэрэгжүүлж болох юм гэдэг дээр хоёр тал санал нэгтэй байлаа. Гэхдээ нийт 3.8 их наяд төгрөг зарцуулчихсан, үүнээс сар бүр 25 тэрбум төгрөг л Монголбанкны дансанд орж ирдэг. Тиймээс өнөөдрийн нөхцлөөр сар бүр 25 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаад 80 м.кв талбайтай орон сууцанд 8 хувийн хүүтэй зээл олгох гэдэг хэлбэрээр л уг хөтөлбөрийг гацаалгүй авч явах боломж байна. Хоёр талын ажлын хэсэг хуралдаж нөхцөл, боломжоо судлаад 100 м.кв-ын тухайд ямар гарц байна, түүнийг УИХ, Засгийн газар хэрхэн шийдэх вэ гэдгээс дараагийн алхмаа тодорхойлъё гэлээ. Барилга, хот байгуулалтын сайдын зүгээс барилгын компаниуд нэгэнт барьж буй барилга объект, орон сууц зэргээ барьцаалаад зээл авч үйл ажиллагаа явуулж байгааг харгалзан үзэж зээлийн хугацааг уртасгах талаар харгалзан үзнэ үү гэхэд Монголбанкны ерөнхийлөгч “Нааштайгаар шийдвэрлэх арга замыг судалъя” гэсэн юм. Ийнхүү хамтын ажиллагаа талаасаа ипотекийн зээлийн талаарх асуултад хариулт өгөх гол хоёр хүн өнөөдөр “Илүү сайхан маргаашийн тухай” ярилцаж, ойрын хугацаанд олон сайн мэдээ түгээх, аль болох олон айлын амьжиргааг дээшлүүлэх арга замыг хэлэлцсэн ажил хэрэгч уулзалт хийлээ.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан