САЛБАРЫН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СТАНДАРТ БОЛОН МЭРГЭЖЛИЙН ЛАВЛАХЫН ТӨСЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн дэргэдэх барилга, хот байгуулалтын салбар зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлыг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн удирдан явуулж, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Салбарын сургалт, ажиллах хүчний бодлого, зохицуулалт хариуцсан ахлах шинжээч А.Лхамсэржид Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Б.Батцогт нар оролцож, холбогдох албаныхан цахимаар оролцлоо. Хуралдаанаар “Цонх, тагтны хаалга угсрагч (суурилуулагч) мэргэжлийн стандарт” “Агааржуулалтын тоног төхөөрөмжийн техникч ажил мэргэжлийн лавлах”, “Хөргөлтийн тоног төхөөрөмжийн техникч ажил мэргэжлийн лавлах”-ын төслүүдийг хэлэлцэв. Ажил мэргэжлийн стандарт, лавлахад ажлын үүрэг, ажилбар, ажил гүйцэтгэх ур чадвар, хандлага, төлөвшил, хэрэглэх багаж төхөөрөмж, мэргэшлийн түвшин зэрэг бүхий л хэсгүүдийг нарийвчлан тодорхойлсон бөгөөд хэрэгжүүлэхэд ур чадварыг хүлээн зөвшөөрөх шалгуурыг тогтоох үндэсний систем бий болох, ААНБ-ын хэрэгцээ шаардлагад нийцсэн, чадамжийн санг бүрдүүлэх, өнөө ба ирээдүйд шаардлагатай ур чадварын хэрэгцээг хангах олон давуу талтай юм. Түүнчлэн бүтээгдэхүүн чанартай гарах, хүний ур чадвар сайжрахад ч нөлөөлнө. Тиймээс салбарын шаардлагатай мэргэжлүүдийн стандартуудыг үе шаттай боловсруулж, хэрэгжүүлэхэд анхаарч, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд хамтран ажиллах нь зүйтэй байгааг хуралдаанаар тэмдэглэв.

Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/119 дүгээр тушаалаар баталсан “Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт YAMAT-08-д нэмэлт өөрчлөлт оруулан төслийн шатанд байгаа аж. Мөн индекс код өөрчлөгдөх магадлалтай тул дээрх ажил мэргэжлийн индекс, кодыг YAMAT–тай нийцүүлэх, шинээр гарсан саналуудыг тусгах нь зүйтэй гээд төслийг зарчмын хувьд дэмжлээ.

Дашрамд дурдахад “Цонх, тагтны хаалга угсрагч (суурилуулагч) мэргэжлийн стандарт” “Агааржуулалтын тоног төхөөрөмжийн техникч ажил мэргэжлийн лавлах”, “Хөргөлтийн тоног төхөөрөмжийн техникч ажил мэргэжлийн лавлах”-ын төслүүдийг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Озоны үндэсний төв, “Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо” ТББ-ын дэмжлэгтэйгээр Монголын боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв, Ажил мэргэжлийн стандарт, ур чадварын хөгжлийн төв, “Ачит үйлс” ХХК зэрэг байгууллагууд хамтран боловсруулжээ.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан