Хэнтий аймаг орчин үеийн биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламжтай боллоо

 

Хэнтий аймгийн Чингис хаан хотын Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил дууслаа. 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улсын комисс ажиллаж байнгын ашиглалтад оруулжээ. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн MOН-3713 төсөл”-ийн хүрээнд есөн аймгийн Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх барих ажил хийгдэж байгаа юм.

Энэхүү төслийн үр дүнд Хэнтий аймгийн төвд хоногт 3000 м3 хүчин чадалтай, байгаль орчинд ээлтэй орчин үеийн биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламж баригдаж, цэвэрлэгдсэн усаа ногоон байгууламж, зам талбай услахад дахин ашиглах, цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж шахмал түлш гарган авах нөхцөл бүрдлээ.

Аймгуудад анх удаа монгол инженерүүд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гарган, нэг  маягийн зураг төсөл  болгон батлуулж, тус төслөөр хэрэгжүүлж байгаа нь онцлог юм. Түүнчлэн эдгээр цэвэрлэх байгууламжуудыг барьж, амжилттай ашиглалтад оруулах нь бусад аймгуудын төвд цэвэрлэх байгууламж барих жишиг болж байна.

Барилга, байгууламжийг ашиглалтад хүлээж авсан өдрөөс эхлэн цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажил 1 жилийн хугацаанд үргэлжилнэ. Энэхүү шинээр барьсан Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэн авч явах ашиглагч байгууллага болох “Хэнтий-Ус” ОНӨААТҮГ-ын 20-25 инженер, техникийн ажилчдыг мэргэшүүлэх онолын болон практик сургалтад хамруулаад байна.

Цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил гүйцэтгэгч “Комфорт Импэкс” ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулан, ажлаа төлөвлөсөн хугацаандаа чанартай сайн гүйцэтгэж, ийнхүү хүлээлгэн өгч байна.

 

 

 

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан