85 настай НАА-н салбарт хандивлагчдын хайрыг татсан хэвээр байна
Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жил, нийтийн аж ахуйн салбарын 85 жилийн ойн хүрээнд БХБЯ, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран “Барилга, нийтийн аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, чиг хандлага” сэдэвт чуулга уулзалтыг зохион байгууллаа. Энэ үеэр АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Ёоланда Фернандес Ломмен тус банкны хөрөнгө оруулалтаар Монголд хэрэгжсэн төсөл арга Фэрэгжилтийн талаар танилцууллаа. Түүнчлэн Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Элизабет Барсак “Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хот байгуулалт” сэдвээр, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн Арно Хэкманн “АХБ-ны хөрөнгө оруулалтаар Монгол Улсын хот байгуулалт, нийтийн аж ахуйн салбарт цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд” сэдвээр илтгэл тавилаа. Мөн Европын сэргээн босголтын банкны Төв Ази, ОХУ, БНТУ, Монгол Улсыг хариуцсан тэргүүлэх банкир Антон Дан Чин-Ю “Хот, суурин газрын дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлсэн төслүүдийнхээ талаарх туршлагаас хуваалцлаа. БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргалын “Барилга, нийтийн аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт илтгэл салбарынхаа ажил, алдаа дутагдлыг зөв дүгнэж үнэлэх, ирээдүйгээ бодитойгоор бас өөдрөгөөр харах өнгө нэмсэн юм. Мөн АХБ-ны санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрт хамрагдсан аймгуудын Засаг дарга нар зарим төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, явцын талаар ярьсан нь анхаарал татсан юм. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд хэрэгжсэн МОН2301 төслөөр хийсэн ажлынхаа үр дүнг танилцуулж, цаашид хийх ажлын саналаа салбарынхантайгаа хуваалцлаа. Энэхүү чуулга ууллзалтаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүд, тэр тусмаа ногоон хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт барилга, нийтийн аж ахуйн салбарт ямар чиг хандлагатай байхаар тодорхойлсон талаар харилцан яриа өрнүүлж мэдээлэл өгснөөрөө онцлогтой байлаа. Чуулга уулзалтад оролцогчдын зүгээс тавьсан гол асуудал эхэлсэн ажлаа шуурхай шийдвэрлэдэг байя, олон суманд бага мөнгө тарааснаас тодорхой томоохон ажилд хөрөнгийг бүрэн санхүүжүүлээд хэрэгжилтийг нэхдэг горимд шилжих нь зүйтэй гэсэн асуудлыг хөндөж байлаа. БХБЯ-ны зүгээс ч дээрх саналтай нэгдэж буйгаа илэрхийлж тулгамдсан асуудлыг хурдтай шийдвэрлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжих, гол нь үр дүнг харах, шинэ техник технологийг нэвтрүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологийг өөрийн орны онцлог нөхцөлд нутагшуулах, боловсон хүчний эрчимтэй сургалтыг дэмжих бодлогыг баримталж байгаагаа илэрхийлсэн юм. Чуулга уулзалтын үеэр тавигдсан илтгэлүүдийг доорх холбоосоор орж үзэж танилцана уу.
Антон Дан Чин-Ю, ЕСБ Банкны төв Ази, ОХУ, БНТУ, Монгол улсыг хариуцсан тэргүүлэх банкир: | Хот, суурин газрын дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлсэн төслүүд, туршлага |