ИПОТЕКИЙН 6%-ИЙН ЗЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ 2 ИХ НАЯДЫН САНХҮҮЖИЛТ ХИЙЖ ТОГТВОРТОЙ БОДЛОГООР ХАНГАНА
Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр \2021.02.16\ Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар тэргүүтэй яамны удирдлагуудтай уулзаж Засгийн газраас 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр танилцуулсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд цогц төлөвлөгөө’’-ний талаар хэлэлцлээ.
Засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд дэд бүтцийн бүтээн байгуулалт, газар олголт, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн нийлүүлэлтийг хийх, нэг маягийн зураг төслөөр хангах зэрэг дэмжлэг үзүүлж 3 их наяд төгрөгийн эх үүсвэр, санхүүжилтийг бүрдүүлэхээр төлөвлөсөн.
Энэ хүрээнд иргэдийг дэмжих чиглэлээр 2 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий ипотекийн 6%-ийн зээлийн хөтөлбөрийн тогтвортой бодлогыг хангаж хэрэгжүүлэх, мөн нэг их наяд төгрөгийн барилгын салбарыг дэмжих чиглэлээр Залуус хорооллын бүтээн байгуулалтын төсөл, цаашид орон даяар орон сууцжуулах ажлын төлөвлөлт хийх зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.