КОВИД-19 ЦАР ТАХЛААС СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНД ОРОН ЗАЙН МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАН АЖИЛЛАЖ БУЙ ТУХАЙ
Барилга, хот байгуулалтын яамны харьяа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь эрхлэх асуудлын хүрээнд ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж суурь орон зайн мэдээллээр холбогдох газрыг ханган ажиллаж байна.
Байрлалд суурилсан веб газрын зургийг хөгжүүлж улсын хэмжээний барилга, хашаа, засаг захиргааны нэгж, эмнэлгүүдийн байрлал, замын мэдээллийг вебээр олон нийтэд нээлттэй харуулсан. Эрүүл мэндийн яамнаас тогтмол мэдээлж буй халдвар авсан иргэдийн тоо, эмчлүүлж буй, эдгэрсэн иргэдийн тооны мэдээллийг веб газрын зурагтай холбов. geoportal.nsdi.gov.mn хаягаар хандан танилцах боломжтой.
Улсын онцгой коммист 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотын хэмжээнд барилга, хашаа, зам, гудамжны байрлал, нэр, эмнэлэг, эрүүл мэндийн төв, аптекууд, коронавируст халдварын түргэвчилсэн оношилгооны цэгүүдийн байрлалыг дүрсэлсэн газрын зургийг тоон болон хэвлэмэл байдлаар бэлтгэн өгөв.
Тус газарт бүрдсэн улсын хэмжээний барилга, хашааны мэдээллийн орон зайн веб үйлчилгээ /WFS, WMS/ дурын веб хуудас, ухаалаг утасны төхөөрөмжөөс газар зүйн мэдээллийн системийн программ хангамжаар дамжуулан хандан ашиглаж, дүн шинжилгээ хийх боломжтой. Үүнд:
a. Эмнэлгүүдийн байршлын мэдээлэл дээр хэвтэн эмчлүүлж буй хүний тоо, нэмж хэвтэн эмчлүүлэх хүний тоог харгалзан бодит агшны зураглалыг бий болгох боломжтой.
b. Хүн амын нягтралын мэдээллийг харгалзан эмнэлгийн хүртээмж, түүний даацыг байрлалд суурилсан мэдээллээр дамжуулан гаргах.
c. Сэжигтэй тохиолдол болон халдвар авсан иргэний байрлалыг, явсан замналтай нь зураглах, хязгаарлалтын бүсийг тогтоох боломжтой.
Цаашид веб газрын зургийг олон нийт, хэрэглэгчдэд ашиглахад илүү хялбар байхаар хөгжүүлэлтийг гүйцэтгэж байна.
ЭХ СУРВАЛЖ: ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ , ГЕОДЕЗИ ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР