Ж.БАТСУУРЬ: Ил задгай бие засах явдлыг зогсоох, нүхэн жорлонг цөөрүүлэх хэрэгтэй
"Ковид-19 цар тахлын үед ус хангамж, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний тогтвортой менежментийг хангах нь” зөвлөлдөх уулзалтад Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурийн илтгэлийг хүргэж байна.
Аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нийтийн аж ахуйн 49, Улаанбаатар хотод орон сууцны ашиглалт, үйлчилгээний 81 байгууллага, бохир усыг тусгай зориулалтын машинаар зөөвөрлөх үйлчилгээ эрхэлдэг 60 аж ахуйн нэгж, бохир ус цэвэрлэх байгууламжийн туршилт, тохируулга болон ашиглалт үйлчилгээ эрхэлдэг 9, Цэвэрлэх байгууламж барих чиглэлээр 5 байгууллага тус тус үйл ажиллагаа явуулж байна. Харин 21 сумдад нийтийн аж ахуйн мэргэжлийн байгууллагууд үйлчилгээ үзүүлж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд "21 аймагт усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулж дуусгана, 8 жижиг суурин газарт /сум дүүрэг, ЭМБ, сургууль цэцэрлэгт/ усны аюулгүй байдлын төлөвлөгөөг шинээр боловсруулна” гэж туссан байдаг. "Орчны эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр”-т ус хангамжийн байгууллагад усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх; жижиг суурин газарт усны аюулгүй байдлын төлөвлөгөөг тухайн орон нутгийн онцлог, хүн амын тоо, ус хангамжийг харгалзан зааврын дагуу боловсруулж хэрэгжүүлэх талаар тодорхой зорилтууд дэвшүүлсэн.
"Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2019 оны Нийтийн аж ахуйн талаар авах зарим арга хэмжээний тухай 474 дүгээр тогтоол болон Усны аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлж, хүн амын унд ахуйн усны чанарт тавих хяналтыг сайжруулах, стандартын шаардлага хангасан усаар хангах нь бидний нэн тэргүүний үүрэг билээ.
Энэ хүрээнд Зохицуулах зөвлөлөөс санаачлан Улаанбаатар хот, аймгийн төв суурин газар болон сумдын ундны усны эх үүсвэрт усны чанарын судалгааг хийж, мэдээллийн сан байгуулах, усны чанарыг сайжруулах техник, технологийн шийдэл боловсруулах ажлыг эхлүүлээд ШУА-ийн Газарзүй геоэкологи, Хими химийн технологийн хүрээлэнгүүдтэй хамтран хэрэгжүүлж байна. Тус судалгаанд одоогоор 6 аймаг, Улаанбаатар хотын ундны эх үүсвэрүүдийг хамруулсан. Үүнд: Завхан, Баянхонгор, Увс, Говь-Алтай, Орхон, Дархан-Уул аймгийн нийт 87 сумын 309 гүний худаг, гадаргын 14 уст цэг; Улаанбаатар хотын 9 дүүргийн 2257 гүний худаг, уст цэгээс тус тус дээж авч шинжилгээ хийсэн. Завхан аймгийн Яруу, Шилүүстэй, Баянхонгор аймгийн Баянбулаг, Гурванбулаг, Заг, Жаргалант, Богд, Говь-Алтай аймгийн Цогт, Халиун суманд булаг шанд болон голын усыг унд ахуйд хэрэглэж байна.
Ундны усны чанарын судалгааны явцад усны хатуулаг чанар их, фторын ионы агууламж стандартад заасан хэмжээнээс бага эсвэл хэтэрсэн, магнийн ион их, эрдэсжилт өндөртэй, гэдэсний бүлгийн нянгийн тоо илэрсэн зэрэг стандартын шаардлагад нийцэхгүй нийтлэг тохиолдлууд гарч байна.
Тухайлбал: Дархан-уул аймгийн хувьд: Дархан-Уул аймгийн 42 гүний худгаас сорьц авч шинжлэхэд 21 худгийн ус нь стандартын шаардлагыг хангаж үлдсэн 21 худгийн ус нь зарим үзүүлэлтээрээ стандартын шаардлагыг хангаагүй. Эдгээр худгийн дийлэнх буюу 14 худаг нь бичил амь судлалын үзүүлэлт болон магни, эрдэсжилт, хатуулаг, нитрат зэрэг үзүүлэлтээрээ стандартын шаардлагад нийцээгүй. Мөн бусад худгийн ус нь уран, радон, магни, манганы агуулгаараа стандартын шаардлага хангахгүй байгааг шинжилгээгээр тогтоогдсон.
Энэхүү усны чанарын судалгааны ажил нь усны аюулгүй байдлын төлөвлөгөөг аймаг сумд болон жижиг суурин газарт боловсруулж хэрэгжүүлэхэд цаашид чухал суурь судалгаа болно.
Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгийн төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрүүд нь усны тухай хуулийн хуулийн дагуу эрүүл ахуйн болон онцгой хамгаалалтын бүсийг тогтоож, Дотоодын цэргийн хамгаалалттай байна. Харин төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрүүд болон бусад аймагт эх үүсвэрийн харуул хамгаалалт хангалтгүй, төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн /худаг/ эрүүл ахуйн бүсийг 50 метрт тогтоох заалтыг хангаагүй, худгийн ойр орчмын хөрсийг бохирдуулах нөхцөл бүрдсэн, хамгаалалтын хашаа байхгүйгээс газрын доорх ус нь хөрсөөр дамжин бохирдох өндөр эрсдэл үүссэн зөрчлүүд нийтлэг байна.
Ковид-19 цар тахал гарсан энэ үед ус хангамжийн эх үүсвэрийн харуул хамгаалалтыг сайжруулж, гүний худгуудын ойр орчмын хөрсийг бохирдуулахгүй байх үүднээс эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг тогтоож, хашаа барих, камерын хяналтын системийг ашиглах шаардлагатай байна.
Улсын хэмжээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хүрээнд төвлөрсөн системд холбогдоогүй гэр хорооллын иргэдэд ундны усыг 1498 ус түгээх байраар дамжуулан хүргэж байна. Үүнээс гүний худаг 116, төвлөрсөн шугамд холбогдсон 695, зөөврийн 687 ус түгээх байр байна. Эдгээрээс 34% нь буюу 511-д нь ухаалаг төхөөрөмж суурилуулж, цагийн хязгааргүй ус түгээж, иргэдийн хувьд хэзээ ч очоод ус авах боломжтой болсон. Ковид-19 цар тахлын үед Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас Төвлөрөл үүсгэхгүй байх, хүн хоорондын зайг 1,5-2 метр байхаар зөвлөмж гаргасан. Ухаалаг ус түгээх байр нь гэр хорооллын ус хангамжид уг зөвлөмжийг хэрэгжүүлэх боломжийг олгож байна. Гэвч гэр хорооллын иргэдийн усны хэрэглээ хоногт 8 л байгаа бол орон сууцанд амьдарч байгаа 1 хүний хоногийн хэрэглээ 100 л байна. Цаашид гэр хорооллын иргэдийн усан хангамжийг нэмэгдүүлж, амьдрах нөхцөлийг дээшлүүлэх шаардлагатай байна.
Мөн Улсын хэмжээнд 51 цэвэрлэх байгууламжийн ашиглалт, үйлчилгээг мэргэжлийн байгууллагууд тусгай зөвшөөрөлтэйгөөр хариуцаж байгаагаас 51% нь механик цэвэрлэгээтэй, 45% нь механик болон биологи цэвэрлэгээтэй бол 4% нь механик, биологи болон химийн цэвэрлэгээтэй байгууламжууд байна. Цэвэрлэгээний түвшин дунджаар 60 орчим хувьтай байна.
Улаанбаатар хотод төвлөрсөн бохир усны шугам сүлжээнд холбогдоогүй ААНБ-уудын болон зарим хувийн орон сууцны АЦБ-ын шийдэл нь бохир усыг хөрсөнд шингэдэггүй битүүмжлэл бүхий цооногтой (танк). Цооногт хуримтлагдсан бохир усыг тусгай зориулалтын машинаар зөөвөрлөн бохир ус хүлээн авах 7 цэгт хүргэх үйлчилгээг 60 байгууллага тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхэлж байна.
Зохицуулах зөвлөлөөс эдгээр ААНБ-уудад үйлчилгээний чанар, ариутгал халдваргүйжүүлэлт хэрхэн хийх талаар мэргэжил арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллаж байгаа бөгөөд цаашид сайжруулсан ариун цэврийн байгууламжийн тоог нэмэгдүүлэх замаар ил задгай бие засах явдлыг зогсоох, сайжруулаагүй нүхэн жорлонг цөөрүүлж, хөрс орчныг бохирдуулахгүй байх технологийн шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх шаардлагатай юм.