АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН АНГИЛАЛ БА ТОДОРХОЙЛОЛТ /YAMAT-08/, НЭР, ИНДЕКСИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛЖ БАЙНА
Барилга, хот байгуулалт, газрын харилцаа, геодези, зураг зүй, нийтийн аж ахуйн салбарын ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт /YAMAT-08/ болон Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаар бэлтгэх салбарын мэргэжлийн нэр, индексийг YAMAT-08, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас 2013 онд баталсан “Боловсролын олон улсын стандарт, ангилал”-д нийцүүлэн шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн байгуулагдан ажиллаж байна.
Ажлын хэсгийн 10 дугаар сарын 16, 23-ны өдрийн хуралдаанаар нийгэм эдийн засгийн өөрчлөлт, техник технологийн хувьсал, шинэчлэлтийг дагаж одоогийн хэрэглэгдэж буй ажил мэргэжлийн нэр, индексийн зарим нь хөдөлмөрийн зах зээлд ашиглагдаж байгаа нэр, Боловсролын олон улсын стандарт ангилал (ISCED-2013)-аас зөрж байгаа учраас салбарын мэргэжлийн нэр, индексийг боловсролын гурван түвшинд: 1.Техникийн боловсролын, 2.Мэргэжлийн боловсролын, 3.Мэргэжлийн сургалтын түвшинд шинэчлэх, үүнтэй холбогдуулан ажил, мэргэжлийн нэрийн давхардал, хийдлийг арилгах зэрэг чиглэлд анхаарч, дээрх 2 төрлийн баримт бичгийн боловсруулалтын ажлыг шуурхай гүйцэтгэх талаар ярилцав.
Ажлын хэсэгт яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, “Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо” ТББ, “Монголын барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбоо” ТББ, “Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо” ТББ, “Монголын орон сууц, нийтийн аж ахуйн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо” ТББ, “Өргөн тээвэрлэх машин төхөөрөмж үндэсний холбоо” ТББ, “Монголын геодези, фотограмметр, зураг зүйн холбоо” ТББ, “Монголын хөргөлт, халаалт, агааржуулалтын холбоо” ТББ, “Монголын барилгын инженерүүдийн холбоо” ТББ, “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ, “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ, “Монголын барилгын инженер геологичдын холбоо” ТББ, “Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо“ ТББ зэрэг байгууллагуудын төлөөллүүд идэвхитэй ажиллан Ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолтын төслийг нэгтгэн боловсруулаад байна.