ЭМГЭНЭЛ

Монгол Улсын Зөвлөх инженер,  тэргүүлэх төсөвчин 

Дамдинсүрэнгийн Намсрай

/1940-2020/

           Д.Намсрай нь 1940 онд Хэнтий аймгийн Хэнтий сум, одоогийн Өмнөдэлгэр сумын Бугат хэмээх газар төржээ.

1968 онд МУИС-ийг барилгын инженер мэргэжлээр төгсч 1968-1990 онд Барилгын зургийн институтэд инженер, товчооны ерөнхий инженер, Хөдөө аж ахуйн барилгын зургийн институтэд инженер, Товчооны ерөнхий инженер, дарга, 1990 оноос Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хяналтын инженер, хэлтсийн дарга зэрэг албан тушаалыг хашиж байгаад 2000 онд өндөр насны тэтгэвэрт гарсан байна.

Тэрээр улс ардын аж ахуйн бүхий л салбарын 200 гаруй барилга байгууламжийн зураг төслийг хамтран буюу бие даан гүйцэтгэсэн байна. Зайсан толгойн хөшөөний цогцолбор, 50 дугаар сургууль, спорт комплексийн барилгууд, МАХН-ын төв байрны барилга зэрэг обьектуудад инженерээр биечлэн ажиллаж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын газрын засварын ажлуудыг хариуцан хийлгэж чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгч байжээ.

Барилгын хийц, бүтээцийн чанарыг алдагдуулахгүй, дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар санаачлага гарган барилгын зөөлөн дээврийг хөнгөвчлөх, төмөр дээврийн завсарт урд хөрш орны туршлагаар плёнк ашигласан нь ашиглалтын хугацааг уртасгах чухал ач холбогдолтой ажил болсон юм.

Д.Намсрай нь зохион байгуулах авьяас чадвартай, залуу үед үлгэр дууриал болсон манай тэргүүний ахмад инженер байлаа.

Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж ойн медалиуд,  “Тэргүүний барилгачин” цол тэмдэг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одонгоор тус тус шагнажээ.

Түүний гэр бүл,үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлэе.

Талийгаачийн хөдөлмөрч, хичээнгүй, нөхөрсөг, хүнлэг нандин зан чанар, эгэл даруу гэгээн дүр  нь бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

                                                                                                                              Ум сайн амгалан болтугай.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР, ДЭД САЙД Э.ЗОЛБОО, ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.МАГНАЙСҮРЭН

2020.10.27


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан