ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ӨДӨР-2020 САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА
Монгол Улсад Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 89 жилийн ойг тохиолдуулан ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын үйл ажиллагааг хэрэглэгчдэд таниулах зорилгоор “ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ӨДӨР-2020” салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг “Хэрэглэгчээ дээдэлье” уриан доор 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж, орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэхүү арга хэмжээг Барилга, хот байгуулалтын яам, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл хамтран зохион байгуулж байгаа бөгөөд аймаг, орон нутагт тус өдөрлөгийг тухайн аймаг, сумын төвд, Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгийг Сүхбаатарын талбайд нэгдсэн байдлаар зохион байгуулж байна.
Сүхбаатарын талбайд болж буй өдөрлөгт Барилга, хот байгуулалтын яам, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл, Барилгын хөгжлийн төв, Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Монголын мянганы сорилтын сан, Азийн хөгжлийн банкны төслийн нэгж, Бохир ус цэвэрлэх байгууламжийн туршилт тохируулга, цэвэрлэх байгууламжийн ашиглалт, үйлчилгээний компаниуд болон орон сууцны ашиглалт, үйлчилгээ хариуцсан тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд, СӨХ-ийн дээд зөвлөл, Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо болон хувийн хэвшлийн мэргэжлийн холбоод зэрэг нийт 100 гаруй байгууллага тус өдөрлөгт оролцож байна.
Тус өдөрлөгт иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд салбарын үйл ажиллагаатай танилцаж, шаардлагатай дараах мэдээ мэдээлэл, зөвлөгөөг авсан. Үүнд:
- Орон сууцны айл өрхүүдийн цэвэр, бохир усны төлбөр тооцоо;
- Сантехник, шугам хоолойн засвар үйлчилгээ;
- Үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын үйл ажиллагаа, тэдгээртэй холбоотой шийдвэрлэгдэхгүй байгаа асуудлууд;
- Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авахтай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөмж, зөвлөгөө;
- Орон сууцны үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол;
- Техникийн нөхцөлтэй холбоотой зөвлөмж, мэдээлэл;
- Бохир ус соруулах үйлчилгээ, түүнтэй холбоотой санал, гомдол;
- СӨХ-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудал
- Бусад