“Дэлхийн орон зайн мэдээллийн манлайлал” төрөлд Орон зайн өгөгдлийн дэд бүтэц, бодлогыг идэвхжүүлэгч байгууллагаар шалгарлаа
"Geospatial World Awards-2020"-аас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээний Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг геодези, зураг зүйн, газар зохион байгуулалт, газрын кадастрын бүртгэлээс бүрдсэн орон зайн мэдээллийн нэгдсэн геоплатформ бий болгож, үндэснийхээ хэмжээнд шинэлэг, баталгаатай орон зайн мэдээллийг төрийн байгууллага, иргэд, олон нийтэд түргэн шуурхай, хүртээмжтэйгээр хүргэж байгааг нь үнэлж “Дэлхийн орон зайн мэдээллийн манлайлал” төрөлд ‘Орон зайн өгөгдлийн дэд бүтэц, бодлогыг идэвхжүүлэгч байгууллага’-аар шалгаруулаад байна. Тэгвэл энэхүү хүндтэй шагналыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүд гардуулахын зэрэгцээ хамт олонд халуун баяр хүргэсэн юм.
“Geospatial Media and Communications” байгууллагаас Дэлхийн Орон зайн форумын үеэр жил бүр зохион байгуулдаг Дэлхийн Орон зайн шилдгүүдийн шагнал (Geospatial World Awards) гардуулах ёслол COVID-19 цар тахлын улмаас энэ жил анх удаа цахимаар зохион байгуулагдаж байна.
Geospatial World Awards нь дэлхийн нийтийн орон зайн салбар дахь гайхалтай шинэлэг нээлт, санал, санаачилга гаргасан хувь хүмүүс болон байгууллагуудыг үнэлж шагнадаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд зэрэглэлийн шагнал юм. 2007 оноос хойш зохион байгуулагдсан энэхүү шагналаас өнөөг хүртэл 200 гаруй хувь хүн болон байгууллагыг шагнаад байна.
Geospatial World Awards 2020 нь “Өөрчлөлт, шинэчлэлтийг авчрагч”, “Дэлхийн орон зайн мэдээллийн манлайлал”, “Дэлхийн орон зайн мэдээллийн шилдэг туршлага” гэсэн 3 төрлийн 20 ангилалд дэлхийн хэмжээнд орон зайн мэдээллийн салбарт амжилт гаргаж буй хувь хүн болон байгууллагыг тодруулжээ.