ЭМГЭНЭЛ
Хайдавын ЛХҮНРЭВ
(1949-2020)
Монгол Улсын Гавьяат барилгачин, зөвлөх инженер, бэлтгэл хурандаа Хайдавын Лхүнрэв 2020 оны 9 дүгээр сарын 26-нд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Х.Лхүнрэв нь 1949 онд Завхан аймгийн Сантмаргаз сумын нутаг Дэлгэр худаг гэдэг газар мэндэлж, 1957-1964 онд Сантмаргаз, Цэцэн-Уул сумдын дунд сургууль, 1964 оноос Улаанбаатар хотын Барилгын техникумд суралцаж байгаад цэргийн албанд татагдан 017-р ангид хугацаат цэргийн алба хааж, улмаар ЗХУ-ын /хуучин нэрээр/ Ленинград хотын Пушкины Цэргийн барилгын инженерийн дээд сургуулийг 1973 онд, ЗХУ-ын Москва хотын В.В.Куйбышевын нэрэмжит Цэргийн инженерийн академийг 1984 онд тус тус төгсч цэргийн барилгын инженерийн дээд боловсрол эзэмшжээ.
Тэрбээр улс орны батлан хамгаалах тусгай обьект, улс ардын аж ахуйн барилга байгууламж дээр салаа, салбарын захирагч, барилгын цэргийн тусгай батальон, хорооны захирагч, Барилгын цэргийн удирдах газрын нэгдүгээр орлогч дарга, ерөнхий инженер зэрэг албыг 37 жил тасралтгүй хашиж, бүхий л ухамсарт амьдралаа улс орныхоо батлан хамгаалах болон их барилгын үйлсэд зориулсан авьяаслаг инженер, өндөр мэдлэгтэй дарга байсан юм.
Хайдавын Лхүнрэв Төрийн ордны шинэ өргөтгөл, Булган, Төв аймгийн Угтаалын сангийн аж ахуйн элеваторууд, ОХУ-ын Галуут нуураас татсан Сэлэнгэ, Дархан, Эрдэнэтийн өндөр хүчдэлийн шугам, Монгол бөхийн өргөө, Дархан-Эрдэнэтийн авто зам, төмөр зам, Сэлэнгэ мөрнөөс Эрдэнэт хүртэл ус дамжуулах хоолой, Зүүнбаянгийн цэргийн хотхон зэрэг 500 гаруй цэргийн болон иргэний барилга байгууламж барьж ашиглалтад оруулахад өөрийн оюун ухаан мэдлэг чадварыг бүрэн зориулсан билээ.
Түүний нөр их хөдөлмөр, зүтгэлийг төр, засаг өндрөөр үнэлж “Монгол Улсын Гавьяат барилгачин” цол, “Цэргийн гавьяаны улаан туг”-ийн одон, “Цэргийн гавьяа”-ны одон, “Алтан гадас” одон, “Байлдааны хүндэт медаль” болон бусад ойн медалиар шагнажээ.
Мөн ЗХУ-ын төр, засгаас түүний хөдөлмөрийг үнэлж “Хөдөлмөрийн алдар” одонгоор шагнасан билээ.
Талийгаачийн ажилч хичээнгүй, шулуун шударга, төлөв даруу зан чанар, эх оронч, хүнлэг сайхан сэтгэл бид бүхний сэтгэлд үүрд мөнх дурсагдах болно.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР, ДЭД САЙД Э.ЗОЛБОО,
БХБЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.МАГНАЙСҮРЭН, АЛБАН ХААГЧИД
2020.09.30