“Монгол улсын барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ” төсөл амжилттай хэрэгжиж хаалтаа хийлээ

Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ) болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ) хамтран 2017- 2020 онд хэрэгжүүлсэн “Монгол улсын барилгын салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний арга хэмжээ (НАМА)” төслийн хаалтын арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн,  Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийн газрын дарга О.Лхагвацэдэн болон төслийн багийн гишүүд оролцлоо.

Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний аж байдал, байгаль орчинд шууд сөргөөр нөлөөлж байгаа энэ үед дэлхийн дулаарлыг 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байхын тулд 2010-2030 оны хооронд дэлхий дахины хүлэмжийн хийн ялгарал (ХХЯ)-ын хэмжээг одоогийнхоос даруй 45%-иар бууруулах шаардлагатай. Монгол Улсын ХХЯ өнөөгийн эрчээрээ үргэлжилбэл 2030 он гэхэд 2014 оны үзүүлэлтээс хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Монгол улсын нийт ХХЯ-ын 50 гаруй хувийг эрчим хүчний салбар дангаараа бүрдүүлж байгаа ба барилгын салбар үүнд оруулж буй хувь хэмжээгээрээ хоёрт орж байна. НАМА төсөл хэрэгжиж эхэлснээсээ хойш Монгол Улсын барилгын салбарт эрчим хүчний хэмнэлтийг сайжруулах, дулаан алдагдлыг бууруулах чиглэлд багагүй ахиц гаргаж чадлаа.

Томоохон үр дүнгүүдээс дурдахад салбарын түвшинд ХХЯ-ын тооллого хийх аргачлалыг боловсруулан, хүлэмжийн хийн ялгарлын суурь түвшнийг тогтоож, вэбэд суурилсан тооллогын анхны цахим системийг бий болгож, хөгжүүлснээс гадна БХБЯ албан ёсоор журмандаа оруулан баталсан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах аливаа бодлого, арга хэмжээ, төсөл хөтөлбөрийн үр дүнг Хэмжих, тайлагнах, нотлох тогтолцооны суурийг бүрдүүлсэн байна. Мөн 48 мянга гаруй тонн хүлэмжийн хий ялгарлыг бууруулах зургаан загвар төслийг хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд 420 гаруй албан хаагч, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулан салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан ба эрчим хүчний хэмнэлтийн чиглэлд 50 гаруй ажлын байр шинээр бий болгоход дэмжлэг үзүүлжээ. НҮБХХ-ийн Орлогч Суурин Төлөөлөгч хатагтай Нашида Саттар арга хэмжээний нээлтэд хэлсэн үгэндээ “Бидний хамтын ажиллагааны үр дүнд амжилттай хэрэгжсэн НАМА төслийн залгамж халаа болгон, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол улсын Засгийн газраас баримталж буй бодлого, арга хэмжээ, хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийг НҮББХ-ийн зүгээс хэрэгжүүлж эхлээд байна. НАМА төслийг амжилттай хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажилласан та бүхэнд баярлалаа. Цаашид шинэ төслийн хүрээнд энэхүү хамтын ажиллагаа маань улам өргөжин бэхжих болно хэмээн найдаж байна” гэсэн юм.


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан