ЭМГЭНЭЛ

                       

   Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар

Баатарын Рагчаа

/1933-2020/

 

         Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат барилгачин Баатарын Рагчаа 2020 оны 09 сарын 25-ны өдөр 87 насандаа таалал төгсөж бидэнд хүнд гарз учирлаа.

Б.Рагчаа нь 1933 онд Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрж, 1948 онд Цагаанхайрхан сумын дунд сургуулийн 7-р анги, 1951 онд Улаанбаатар хотын мал эмнэлэгийн техникумын гидротехникийн ангийг “Гидротехникч” мэргэжлээр, 1959 онд Москва хотын Газар зохион байгуулалтын дээд сургуулийн Геодезийн ангийг “Геодезийн инженер” мэргэжлээр төгссөн.

            Б.Рагчаа 1951-1954 онд Мал, тариалангийн яамны Усны аж ахуйн хэлтсийн газрын зургийн отрядад топотехникч, 1959-1965 онд Хөдөө аж ахуйн яамны Усны аж ахуйн хэлтсийн газрын зургийн отрядын инженер, дарга, 1965-1967 онд Усны хайгуул судалгаа зураг төслийн эрдэм шинжилгээний институтын орлогч захирал, ерөнхий инженер, 1968-1970 онд Түлш эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны дэргэд Улсын геодези, зураг зүйн зөвлөлийн мэргэжилтэн, 1970-1990 онд Улсын геодези, зураг зүйн газрын дарга, 1990-1991 онд Хил хамгаалах газрын түүхийн секторт мэргэжилтэн, 1996-2009 хүртэл Хөдөө аж ахуйн их сургуулийн Газар зохион байгуулалтын тэнхимийн багш, эрхлэгч, зөвлөх багшаар тус тус ажиллаж байсан.

            Б.Рагчаа нь 1950-аад оны үеэс шаргуу хөөцөлдсөний үр дүнд 10 гаруй яам, тусгай газрын харъяанд нэгдсэн системгүй, өөр хоорондоо уялдаа холбоогүй, зөвхөн байгууллагынхаа хэрэгцээг хангадаг геодези, газрын зургийн Геологийн топозургийн анги, Газар зохион байгуулах агаарын зургийн экспедиц, Барилгын зургийн институтын Газрын зургийн товчоо, ТЭХҮГЯ-ны геодези, зураг зүйн зөвлөлийг нэгтгэн СнЗ-ийн 1970 оны 232 дугаар тогтоолоор Барилга, барилгын материалын яамны сайдын шууд удирдлага дор Улсын геодези, зураг зүйн газрыг байгуулснаар бүх төрлийн геодези, газрын зургийн ажлыг нэгдмэл удирдлагаар хариуцан явуулах болсон.

Тэрбээр 1970 оноос эхлэн Улсын геодези, зураг зүйн газрын даргаар тасралтгүй 20 жилийн хугацаанд ажиллахдаа тус байгууллагыг жилдээ 28 сая төгрөгийн геодези, газрын зургийн бүх төрлийн үйлдвэрлэлийн ажлыг аж ахуйн тооцоон дээр хийдэг, 26 сая төгрөгний үндсэн хөрөнгөтэй, 2 хэлтэс, 4 товчоо, агаар мандал, сансраас авсан газрын гадаргуун гэрэл зураглалаар бүх масштабын байр зүйн зураг хийх үйлдвэр, сэдэвчилсэн газрын зураг, атлас зохиож хэвлэх үйлдвэр, Улсын геокартын фонд, АН-30 онгоц, 132 авто машин бүхий авто бааз, Ховд, Баянхонгор, Хөвсгөл, Дорнод аймгуудын төвд аймаг дундын геодези, зураг зүйн үйлдвэрлэл явуулдаг байнгын экспедиц гэсэн бүрэлдэхүүнтэй, нийт 765 инженер, техникийн ажилтан, ажилчидтай болтол нь хөгжүүлэн бэхжүүлсэн гарамгай удирдагч байлаа.

1963-1964 онд Гадаад яамны хариуцсан Улсын хилийн комиссоос Монгол, Хятад улсын хилийн гэрээг газар дээр нь тогтоон тэмдэглэх хилийн хамтарсан комиссын эксперт мэргэжилтэн, 1976 оны БНМАУ-ЗСБНХУ-ын хилийн гэрээг байгуулах комиссын гишүүн, 1977-1978 онд БНМАУ-ЗСБНХУ-ын хилийн гэрээг газар дээр нь тогтоон тэмдэглэх, хилийн хамтарсан комисст Монголын талын хэсгийн гишүүн, 1982-1983 онд Монгол Хятадын хилийг газар дээр нь анх удаа хамтран шалгах Монголын талын комиссын гишүүн, 1988-1989 онд БНМАУ-ЗСБНХУ-ын хилийг хамтран шалгах комиссийн техникийн асуудал хариуцсан орлогч даргаар тус тус томилогдон ажиллаж бүх хилийн шугамын дагуух хээрийн ажлуудыг үр бүтээлтэй, чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн байна.

Б.Рагчаа 1968-1969 онд 1:1 000 000-ны масштабтай 240х120 см хэмжээтэй Монгол улсын нутаг дэвсгэрийн товгор газрын зургийг сийлбэрлэн хийж Улсын төв музейн үзмэрт хадгалуулсан нь одоо ч гэсэн танин мэдэхүйн өндөр ач холбогдол бүхий үнэт үзмэр хэвээр байна.

ЗСБНХУ-ын Улаан армийн цэргийн байр зүйн албанаас 1939-1948 онд БНМАУ-ын нутаг дэвсгэрийг бүхэлд нь 1:100 000-ны масштабтай байр зүйн зургаар /орос хэл дээр/ зурагжуулж өгсөн бөгөөд Б.Рагчаагийн удирдлага дор нийт 1648 хуудас газрын зургийг СнЗ-ийн 1979 оны 334 дүгээр тогтоолоор шинэчлэн зохиож, Монгол хэл дээр УГЗЗГ-ын хэвлэх үйлдвэрт хэвлэсэн нь одоо ч манай улсын нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын болон батлан хамгаалах хэрэгцээг хангаж байна.

Б.Рагчаа нь БНМАУ-ын СнЗ-ийн 1980 оны 280 дугаар тогтоолыг санаачлан гаргуулж, Монгол орны нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд 242000 газар нутгийн нэрийг 1981-1985 онд тодотгон тогтоох хээрийн ажлын бригадыг удирдан зохион байгуулсан.

“БНМАУ-ын үндэсний атлас зохиох” ажлыг СнЗ-ийн 1973 оны 346 дугаар тогтоолоор батлуулж, Атлас зохиох редакцийн зөвлөл байгуулж, 1974-1988 онд зохиож, ЗСБНХУ-ын буцалтгүй тусламжаар 5000 хувийг Монгол болон Орос хэл дээр хэвлүүлэх ажлыг зохион байгуулсан юм.

Б.Рагчаа нь Монгол улсын нутаг дэвсгэр дээрх 4000 м-ээс дээш өндөртэй 18 уулсын өндрийг судалж, Хүйтэн, Мөнххайрхан, Отгонтэнгэр, Түргэн, Сутай, Хархираа, Малчин, Цамбагарав, Цаст уул зэрэг 9 уулын өндрийг мэргэжлийн уулчидтай хамтран газар дээр нь хэмжилт хийн тодорхойлсон тул “Уулын спортын мастер” цол хүртжээ.

1975 онд Сүхбаатарын районы АДХ-ын депутатаар сонгогдон ажиллаж байжээ.

Б.Рагчаа нь Хөдөө аж ахуйн дээд сургуульд газар зохион байгуулалтын ангийг нээхэд өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулж сурах бичиг, хөрс, ургамал, геодезийн сургалт, дадлага хийх өндөр нарийвчлалын багажууд, суурин боловсруулалт хийх 20 компьютер бүхий мэдээллийн лаборатори, Москва хотын Газар зохион байгуулалтын их сургууль, Хөдөө аж ахуйн сургууль хооронд шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тус сургуулийг материаллаг баазаар бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

Б.Рагчаа нь зохион байгуулах авьяас чадвартай, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч манай тэргүүний ахмад удирдагч байлаа. 

Б.Рагчаагийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Хөдөө аж ахуйн, Усны аж ахуйн, Нийгмийг аюулаас хамгаалахын, Газрын харилцааны, Боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдэг, Онц хилчин, Ардын хувьсгалын 40, 50, 60, 80, 90 жилийн ойн медаль, БНМАУ-ын Засгийн газрын Жуух бичиг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2008 онд “Гавьяат барилгачин”, 2019 онд Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар” цол тэмдгээр тус тус  шагнажээ. 

Түүний гэр бүл,үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. 

Талийгаачийн хөдөлмөрч, хичээнгүй, нөхөрсөг, хүнлэг, нандин зан чанар, эгэл даруу гэгээн дүр нь бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

Ум сайн амгалан болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ДЭД САЙД Э.ЗОЛБОО, ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.МАГНАЙСҮРЭН, АХМАДЫН ХОРООНЫ ДАРГА Л.ТОГТОХБАЯР, ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГА Ц.ГАНХҮҮ, ОРЛОГЧ ДАРГА А.БАТБАЯР,

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ, ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР, 21 АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР, НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБАНЫ АЛБАН ХААГЧИД

2020.09.28


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан