ШИНЭЭР БАРИГДАЖ БУЙ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
БХБ-ын сайд Б.Мөнхбаатар болон Нийслэлийн засаг даргын Хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч О.Мөнгөншагай, холбогдох албаны төлөөллүүд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн ажлын явцтай танилцлаа. Шинээр баригдах цэвэрлэх байгууламж нь хоногт 250000 метр куб бохирдсон усыг цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд төслийн барилга угсралтын ажил 35,5 сарын хугацаанд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөжээ.
Цэвэрлэх байгууламжийн төслийн ажилтай танилцсан Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хэлэхдээ, “Анх 1965 онд баригдсан цэвэрлэх байгууламж Улаанбаатар хотын өнөөдрийн хүчин чадлыг хангаж чадахаа больсон. Тэр ч утгаараа одоогийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил хийгдэж байгаа. Уламжлалт загвараар зөвхөн лаг байсан бол энэ удаад лагийн усыг шавхаж, хатаадаг технологиуд барих ёстой. Гэрээнд заасан хугацаанд хүлээж авах асуудалд БХБЯ болон холбогдох яам, байгууллагууд хамтарч ажиллана. Түлхүүр хүлээлгэж өгөх нөхцлөөр хийгдэж байгаа ажил учраас хаа хаанаа анхаарах ёстой” гэв.
Монгол Улсын барилгын тухай хууль болон БНбаД стандартын дагуу 6,5 сар гүйцэтгэгч компани туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг хийхийн зэрэгцээ ашиглагч байгууллага болох “Ус сувгийн Удирдах Газар” ОНӨААТҮГ-ын инженер техникийн ажилчдын чадавхыг дээшлүүлэх шинээр технологи, суурилагдсан тоног төхөөрөмжийн үйл ажиллагаанд дадлагажуулах сургалтыг хийж төслийг 2024 онд бүрэн хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Төслийн нийт өртөг 262,7 сая ам.доллар ба БНХАУ-ын “Чайна тисижу сивил инженеринг групп” ХХК, Бээжин констракшн инженеринг групп” ХХК-н хамтарсан консорциум ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан бөгөөд зураг төслийг батлагдсан ТЭЗҮ-ийн дагуу БНХАУ-ын “Шанхайн Зураг төслийн институт” компанид хийж гүйцэтгэсэн ба Монгол улсад мөрдөгдөж буй норм дүрэм стандартад нийцүүлэн хөрвүүлэх, орчуулах албажуулах ажлуудыг Монгол Улсын “Сивил инженеринг консалтинг групп" ХХК, “Криетив Монголиа” ХХК гүйцэтгэхийн хамт төслийн зарим туслах барилга байгууламж, инженерийн дэд бүтцийн ажлын зураг төслийг дотоодын компаниуд гүйцэтгэж байна.
Дэлхий нийтэд “Ковид-19” цар тахал өвчин гарч Монгол улсад хөл хорионы дэглэм мөрдөгдсөнөөр барилга угсралтын ажлын төлөвлөгөөт хугацаанд нөлөөлж байгаа боловч барилга угсралтын ажил шахуу төлөвлөгөөтэйгөөр үргэлжилсээр байна.
Өнөөдрийн байдлаар биологи цэвэрлэгээний барилга болох аэротенкийн барилгын 2 блок барилгын нэгдүгээр блокын 1300м3 хөрс хуулалт, суурийн бэлтгэл бетон цутгалт болон армартурчлалын ажлыг дотоодын инженер техникийн ажилчид гүйцэтгэж байна.