Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо нар Газар, зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-т ажиллалаа

Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, яамны газрын дарга нар өнөөдөр /2020.07.27/ Газар, зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт ажиллаж, хийж хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг сонслоо.

Тус газрын үйл ажиллагааны талаарх товч танилцуулгыг газрын дарга Ц.Ганхүү хийж, тулгамдаж буй асуудлуудаа танилцуулав.

Дараа нь Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгагдах арга хэмжээний хэрэгжилтийг хангуулах, 100 хоногийн хугацаанд хийх арга хэмжээг тодорхойлж, хэрэгжилтийг бүрэн хангуулахад анхаарах, газрын багц хуулийн шинэчлэлийг яаралтай батлуулах, газрын мэдээллийг ил тод болгох, салбар хоорондын уялдааг сайжруулах, шинээр хот /"Шинэ Зуунмод", "Майдар хот"/ байгуулах байгуулах их ажилд хот төлөвлөлт, мэргэжлийн талаас манлайлан оролцохыг тус газарт чиглэл болгов.

Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-т ажиллав

Үргэлжлүүлэн Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Золбоо нар “Барилгын хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж, тодорхой үүрэг чиглэл өгөв.

Байгууллагын үйл ажиллагааны талаарх товч мэдээллийг дарга Ц.Амарсанаа хийсэн юм.

Танилцуулгатай холбогдуулан Барилга, хот байгуулалтын яамны газрын дарга нар асуулт асууж, тодорхой саналуудыг хэлэв.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар энэ үеэр тус газрын бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хөндөж өргөжүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг даалгасан юм.

Мөн яамны холбогдох газрууд “Барилгын хөгжлийн төв”-ийнхөнтэй нягт уялдаа холбоотой байж, барилгын салбарын нэгдсэн санг үүсгэх,  барилгын салбарт мөрдөгдөж байгаа дүрэм, журмыг шинэчлэх, норм, нормативыг боловсронгуй болгох, зураг төсөлд магадлал хийх, захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төвийн нэг маягийн зураг төслийг боловсруулж ашиглах зэрэгт онцгой анхаарал хандуулж ажиллахыг сайд Б.Мөнхбаатар даалгалаа.

Дараа нь Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд Э.Золбоо нар тус төвийн дэргэд шинээр нээгдсэн хот төлөвлөлтийн лаб буюу "Урбан лаб"-ын үйл ажиллагаатай танилцсан юм.

 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан