ЭМГЭНЭЛ

                                                                                                           ПУНЦАГИЙН АРИУНДАЛАЙ
                                                                                                                         (1971-2020)

     Дархан –Уул аймгийн “Дархан - Ус суваг” ХК-ийн Гүйцэтгэх захирал Пунцагийн Ариундалай 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр зуурдаар таалал төгсөж, салбарын хамт олонд хүнд гарз тохиолоо.
     П.Ариундалай нь 1971 онд Дорноговь аймгийн Сайншанд хотод төрж, 1979 онд Сайншанд хотын Төмөр замын дунд сургууль, 1989 онд тус хотын 1 дүгээр 10 жилийн сургуулийг дүүргэн, Анагаах Ухааны Дээд сургуулийн Эрүүл ахуйн ангид элсэн суралцсан байна.
     Тэрбээр 1998-2002 онд Дархан-Өргөө коллежийг төгсөн Цахилгааны инженер мэргэжлийг эзэмшиж, 2002 онд Дарханы Удирдлагын хөгжлийн институтэд, 2004 онд ШУТИС-д, 2006 онд Удирдлагын академид суралцаж тус тус төгсчээ.
      П.Ариундалай нь 2002 онд Дархан-Уул аймгийн Оюутны холбоог үүсгэн байгуулж тэргүүнээр ажилласан бөгөөд Дархан сумын Монгол Ардын Намын хороонд Улс төрийн ажилтан, 2004 онд аймгийн намын хороонд улс төрийн ажилтан, 2004-2008 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, 2008-2016 онд Аймгийн намын хорооны дэд дарга, 2008-2020 онуудад аймгийн намын хорооны тэргүүлэгч, улмаар Монгол Ардын Намын Их хурал, Бага хурлын гишүүн, төлөөлөгчөөр удаа дараа сонгогдож улс, төрийн байгууллагад 18 жил тасралтгүй ажиллажээ.
     П.Ариундалай нь 2016 оноос “Дархан-Ус суваг” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон өнөөдрийг хүртэл ажиллах хугацаандаа тус яамтай хамтран Дархан хотын иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах” МОН3244/3245 төслийг эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж байлаа.
     Түүнчлэн Дархан хотын ус хангамжийн төв магистрал хос шугамын ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх, Ухаалаг худгийг үйлчилгээнд оруулах, шинээр баригдсан орон сууцны хорооллуудыг инженерийн шугам сүлжээнд холбох зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудад хамт олноо чадварлагаар манлайлж, удирдан чиглүүлж, үр дүнтэй зохион байгуулж ажиллаж байлаа.
     Тэрбээр ухамсарт амьдралаа нийгэм, олон нийтийн төлөө зориулж хүмүүнлэгийн “Дүүрэн сэтгэл” ТББ-ын тэргүүнээр ажиллахдаа аймгийн Нэгдсэн эмнэлгийн тасгуудын засвар тохижилтын ажилд, Дархан сумын Сургуулийн өмнөх байгууллагуудад шаардлагатай дэмжлэг үзүүлэх, Залуучууд театрын дэргэдэх хуучин усан оргилуурыг сэргээн засварлах, Морин хуур цогцолборын усан оргилуур, гэрэлтүүлэг болон явган хүний замыг иж бүрэн тохижуулах зэрэг олон арван сайн сайхан үйлс, томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулжээ.
    П.Ариундалай нь “Дархан ус суваг” ХК-ийг зөв удирдан зохион байгуулж, компанийн засаглалыг оновчтой хэрэгжүүлснээр 2016 онд “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч хамт олон”, “Шилдэг ажил олгогч байгууллага”, “Шилдэг үйлчилгээний байгууллага”, “Усны салбарын онцлох интерпренер”, 2017 онд “Шилдэг ажил олгогч байгууллага” , “Гэр бүлд ээлтэй байгууллага”, “ISO 9001 хэрэгжүүлэгч байгууллага”, 2017, 2018 онд “Шилдэг менежменттэй байгууллага”, 2019 онд компанийн “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч интерпренер”, “Шилдэг эцэг эхийн зөвлөлтэй байгууллага”, “Залуучуудад ээлтэй байгууллага” болгон хөгжүүлж төр, засаг, хамт олондоо нэр төртэйгөөр үнэлэгдсэн тус салбарын шилдэг удирдагчийн нэг байв.

Таны хийж бүтээх хүсэл тэмүүлэл, найрсаг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН
ДАРГА С.МАГНАЙСҮРЭН

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ХАМТ ОЛОН


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан