“Газрын харилцааны ажилтны өдөр”-ийн баярын мэндчилгээ

Газрын харилцааны салбарын ахмад үеийнхэн, эрдэмтэн судлаачид, энэ салбарт ажиллаж буй нийт ажилтан, албан хаагчид Та бүхэнд Газрын харилцааны ажилтны өдөр-ийн баярын мэндийг дэвшүүлье!

Энэ жил Монгол Улсад Геодези, зураг зүйн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ой, Газар зохион байгуулалтын алба үүсэж хөгжсөний 66 жилийн ой тохиож байна.

Газрын харилцааны салбар нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодези, зураг зүй, суурь судалгаа, газрын мониторинг, газар зохион байгуулалт, газрын кадастр, хот байгуулалт, орон зайн мэдээллийн менежментийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, баялаг бүтээх эрхийг зохицуулдаг суурь салбар билээ.

Барилга, хот байгуулалтын яам нь “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл”-д салбарын чиглэлээр тусгагдсан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Бид газрын харилцааны салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр   Газрын тухай хууль,  Газрын кадастрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Геодези, зураг зүйн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай хууль, Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай анхдагч хуулийн төсөл, мөн Төрөөс газрын харилцаа, геодези, зураг зүйн талаар баримтлах бодлогын баримт бичгүүдийг боловсруулан батлуулахаар ажиллаж байна.

Улсын хэмжээнд “Байрлалд суурилсан хаягийн нэгдсэн сан”, Вэбэд суурилсан “Улсын газрын төлөв байдал, чанарын мониторингийн сүлжээний”, “Газар зохион байгуулалтын болон хот байгуулалтын төлөвлөгөөний”, “Газрын цахим биржийн”, “Газрын үнэлгээний КАМА”, “21 аймгийн төвийн хэмжээнд хот байгуулалтын кадастрын “Урбан менежер”, “Газрын кадастрын нэгдсэн мэдээллийн”, “Байр зүйн зураг болон газар дээрх, доорх шугам сүлжээний мэдээллийн санг шинэчлэх” цахим мэдээллийн системүүдийг хөгжүүлж, тэдгээрийг  “ХУР” болон  “ДАН” системд холбож төрийн үйлчилгээнд цахим шилжилтийг хийж байна.

Цаашид улс орны хөгжлийн суурь энэхүү салбарын эрх зүйн орчин, үйл ажиллагааг боловсронгүй болгох, шинжлэх ухаан, техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг бэлдэх, чадваржуулах зорилго, зорилтуудыг Үндэсний хөгжлийн цогц бодлого, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Шинэ бүтээн байгуулалт зорилтот хөтөлбөрт тусгуулж, хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.

 Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн,

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан