Эмгэнэл
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Дүгэржавын Дармаа
/1932-2020/
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Дүгэржавын Дармаа өвчний улмаас 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 88 насандаа таалал төгсөж бидэнд хүнд гарз учирлаа.
Д.Дармаа нь 1932 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн.
1950-иад оны дунд үеэс Улаанбаатар хотын Барилга трестэд өрөгч, бригадын даргаар олон жил ажиллажээ. Хариуцсан бригадаа суурь тавих, угсрах, засал чимэглэл, дээврийн гэж 3-4 хэсэг болгож, тэр бүгдэд чанарын комисс ажиллуулж, суурь тавихаас эхлээд өрөх, угсрах, хучилт хийх зэрэг үе шатны ажил бүрт хувь хүний болон хэсгийн хийсэн ажлын чанарыг уг комисс, дараагийн ажлыг хийх хүмүүс хамтран шалгаж хүлээн авдгаас чанар сайтай барилга барьж, жил бүрийн төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж байжээ.
Тэрээр өөрийн ухамсарт амьдралын ихэнх он жилүүдийг барилгын салбарт зориулж салбарын бүтээн байгуулалтын томоохон ажлуудад гар бие оролцсон юм.
Д.Дармаа нь зохион байгуулах авьяас чадвартай, залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч манай тэргүүний ахмад удирдагч байлаа.
Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одон, 1981 онд Монгол Улсын
Хөдөлмөрийн Баатар цол тэмдгээр тус тус шагнажээ.
Түүний гэр бүл,үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлэе.
Талийгаачийн хөдөлмөрч, хичээнгүй, нөхөрсөг, хүнлэг нандин зан чанар, эгэл даруу гэгээн дүр нь бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.
Ум сайн амгалан болтугай.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН, ДЭД САЙД Б.МӨНХБААТАР, ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.МАГНАЙСҮРЭН, АХМАДЫН ХОРООНЫ ДАРГА Л.ТОГТОХБАЯР, Л.ШАГДАРРАГЧАА, Л.ЦЭРЭНДОНДОГ, Л.ЦЭЭСҮРЭН, Ө.ДОРЖДЭРЭМ,
АЛБАН ХААГЧИД
2020.04.10