“Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө” боловсруулах төслийн оролцогч талуудын хуралдаан боллоо

Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төслийн оролцогч талуудын нэгдсэн хуралдаан, хэлэлцүүлэг өчигдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Монголын худалдаа, аж үйлдвэрийн тэнхмийн Хурлын танхимд боллоо.  

Хуралдааныг нээж  Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар үг хэлэв. Хуралдаанд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан,  ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Токүжи Ёшимура, Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах Төслийн багийн ахлагч Т.Хашимото, 21 аймгийн засаг дарга, бизнес эрхлэгчид, салбарын эрдэмтэд, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.

Дэлхий нийтээрээ том хот руу шилжин суурьших хөдөлгөөнөөс үүдэлтэй хүн амын хэт төвлөрлийг бууруулахын тулд бусад хотууд болон хөдөөд амьжиргааны нөхцөлийг сайжруулах, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх,  бүсийн тэргүүлэх төв, дагуул хотуудын хөгжлийг дэмжихийг чухалчлан үзэж, улс орнууд тусгай бодлого, төлөвлөлтийн урт хугацааны баримт бичгүүдийг батлан гаргаж хэрэгжүүлж байна. Тухайлбал БНСУ-д “Үндэсний нутаг дэвсгэрийн хөгжлийн бодлого, стратеги, Япон Улсад  Үндэсний хөгжлийн цогц бодлого, ОХУ-д Нутагшилт суурьшлын ерөнхий схем, БНТУ-д “Хот, суурин газрын хөгжлийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөө бэлтгэх төсөл” тус тус хэрэгжиж байна.

Манай улсын хувьд Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА  байгууллагын техникийн туслалцаагаар боловсруулах “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө”-ний хүрээнд “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг боловсруулах чиглэлээр Барилга, хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн газартай хамтран ажиллаж байна.  

“Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө” боловсруулах төслийн “Дунд хугацааны тайлан 1”-ийг 2019 оны 11-р сард төрийн ордонд хэлэлцүүлж, холбогдох яамд, байгууллагуудаас санал авсан. Энэхүү “Дунд хугацааны тайлан 1”-д “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө”-ний эхний төслийг тусгасан бөгөөд эдгээр саналуудыг нарийвчлан хэлэлцэж, шаардлагатай бол өөрчлөн сайжруулна. Тиймээс олон талын оролцоог хангах үүднээс Оролцогч талууд буюу Монгол улсад үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бизнесменүүд, салбар бүрийн эрдэмтэд, судлаачид, төслийн Зөвлөх болон Техникийн ажлын хэсгийн төлөөллийн нэгдсэн хуралдааныг зохион байгуулж, өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэхээр зорьсон. 

Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төслийн оролцогч талуудын нэгдсэн хуралдаанаар  “Бүсчилсэн хөгжлийн бодлогын төсөл”,  “Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөөний төсөл”,  “Орон нутгийн бизнесийн орчны судалгааны үр дүн, төр хувийн хэвшлийн  хамтын ажиллагааг эхлүүлэх нь”, “Нутаг дэвсгэрийн орон зайн зохион байгуулалт болон Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөл” зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлсэн. Мөн хэлэлцүүлгийн үеэр оролцогсод “Хөгжлийн загвар, алсын хараа, түүнд хүрэх арга зам, стратеги”, “Нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл” гэсэн сэдвийн хүрээнд багаар ажиллан, үр дүнг тооцоолж, санал, дүгнэлтийг танилцууллаа. 

Оролцогч талуудын байр суурийг нэгтгэж, нэгдсэн хуралдаанаас гарсан санал, зөвлөмжийг нэмж тусгасан “Дунд хугацааны тайлан 2”-ыг боловсруулан Барилга, хот байгуулалтын яаманд 2020 оны 05 дугаар сард хүргүүлнэ. 
 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан