Улсын тусгай хэрэгцээний газрын гэрчилгээг БХБЯ-нд гардуулан өглөө
Засгийн газрын 2010 оны 140, 2016 оны 154 дүгээр тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орших Хөшигийн хөндийд баригдсан Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны буудал барих газрыг “үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газар”-ын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан юм.
Тэгвэл улсын тусгай хэрэгцээнд авсан 12084,9 га газраас 9710,9 га газрын 000000006 тоот гэрчилгээг Барилга, хот байгуулалтын яаманд 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас гардуулан өглөө.
Улсын тусгай хэрэгцээний газрын гэрчилгээг олгож, гэрээ байгуулахад Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, БХБЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга Э.Энхбаяр, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дэд дарга А.Батбаяр нар байлцлаа.
Засгийн газрын 2019 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орших Хөшигийн хөндийд баригдсан Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны буудал түүнийг даган бий болох шинэ хот /Аэросити/-ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн 9710,9 га газарт газар ашиглуулах асуудлыг Барилга, хот байгуулалтын яамны саналыг үндэслэн Төв аймгийн Засаг дарга, Сэргэлэн сумын Засаг дарга шийдвэрлэх юм.