Х.БАДЕЛХАН: БАРУУН ГУРВАН АЙМАГТ ДЭД БҮТЦИЙН ЦОГЦ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан энэ сарын 16-наас 20-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллаж, Өлгий сумын 1-12 дугаар багийн иргэд, төрийн албан хаагч нартай уулзалт зохион байгууллаа. Уулзалтын хүрээнд УИХ-ын гишүүн Х.Баделхан ард иргэд, төрийн албан хаагчдад Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, Улс орны хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэсэн байдал, мөн Баян-Өлгий аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй төсөл хөтөлбөр, Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслийн талаар тус тус мэдээлэл өгч, ажлаа тайлагналаа.

Энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар тавьсан илтгэлдээ Байгалийн баялгийг тэгш хуваарилах, гүйцэтгэх эрх мэдлийн уялдаа холбоог сайжруулан засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангах, шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, шүүгчийн хараат бус мэргэшсэн байх нөхцөлийг хангах зэрэг Засаглалын хямралыг засаж сайжруулж, шударга ёсыг бэхжүүлэхтэй холбогдсон зүйл заалтуудын агуулга, мөн чанарын талаар тайлбарлаж, мэдээлэл өгсөн юм.

Засгийн газар сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Эдийн засгийг сэргээж, солонгоруулах тал дээр онцгойлон анхаарсны дүнд  Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал 6.4 хувиар өсөж, Улсын нэгдсэн төсвийн тэнцэл сүүлийн 8 жилийн хугацаанд анх удаа ашигтай гарч, Макро эдийн засгийн орчин тогтворжиж, Монгол улсын зээлжих зэрэглэл сайжирч, ажилгүйдлийн түвшин сүүлийн 3 жилийн хугацаанд хамгийн бага түвшинд хүрч, өрхийн орлого 15 хувиар өсөхийн зэрэгцээ арилжааны банкнаас иргэд, аж ахуйн нэгжид олгосон зээлийн хүү 17.6 хувьд хүрч буурч, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийг хангах хүрээнд төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гархад олгодог нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ 38,9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн зэрэг тус тус эерэг өөрчлөлтүүд гарсан талаар дурджээ.

 Түүнчлэн Иргэдийн нийгмийн амьдралыг сайжруулах хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж шийдвэрлэсэн Цалинтай ээж хөтөлбөр, Багш, эмч нарын цалинг 8-20 хувиар нэмж, Малчдын нийгмийн асуудлыг цэгцэлж, эрэгтэй 55, эмэгтэй 50 нас хүрсэн иргэн тэтгэвэрт гарах болсон талаар ажлуудыг ард иргэдийнхээ өмнө тайлагналаа. Үүгээр зогсохгүй Салхит, Асгатын мөнгөний ордын хууль бус олборлолтыг зогсоон, эрдэнэт үйлдвэрийг 100 хувь Төрийн мэдэлд авч, олон жилийн турш шийдлээ хүлээж байсан Нефтийн үйлдвэртэй болох асуудлыг шийдвэрлэн үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлээд байгаа талаараа илтгэсэн ажээ.

Мөн Баян-Өлгий аймагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын талаар танилцууллаа. 

Иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд буюу сургууль цэцэрлэг, эмнэлгийн бүтээн байгуулалтад 32,9 тэрбум, аймгийн барилга байгууламж дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд буюу зам гүүр, гэрэлтүүлэг, цахилгаан эрчим хүчний бүтээн байгуулалтад 20,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус тус зарцуулаад байна. 

Энэхүү уулзалтын бүрэлдэхүүнд Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылылмхан, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Арнауд Хэкман, төслийн менежер Н.Чинзориг, Барилга, хот байгуулалтын яамны холбогдох мэргэжилтнүүд багтаж, Баян-Өлгий аймагт хийгдэхээр болсон Хөрөнгө оруулалтын төслийн талаар иргэдэд мэдээлэл өгч, илтгэл тавьсан юм. Тодруулбал Монгол Улсын Засгийн газар Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран “ Баруун гурван аймаг болох Баян-Өлгий, Ховд, Увс аймгууд, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төсөл хэрэгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичгийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулан техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах урьдчилсан судалгааны ажлыг эхлүүлэн ажиллаж байна. Хөтөлбөрийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлууд 2020-2021 оноос эхлэн 10 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар хэрэгжинэ. Эхний үе шатанд Баян-Өлгий аймагт Хот байгуулалт болон хөдөө аж ахуйн чиглэлд техник эдийн засгийн урьдчилсан судалгаагаар Аймгийн төвд 5, 13-р багийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд бүх дэд бүтцэд холбогдсон суурьшлын бүс болгон хөгжүүлнэ. 

Тус хөтөлбөрт бүс нутаг, аймгийн төв ба сум дундын төвийг хамруулан тэдгээрийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, хүн амын амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах чиглэлээр дорвитой ажлуудыг хийж, томоохон хөрөнгө оруулалтыг шийдвэрлэнэ хэмээн төслийн багийнхан хэллээ. 

Иргэд, төрийн албан хаагчид уулзалтын төгсгөлд Аймгийн төвийн сургууль цэцэрлэгийн хүртээмж сайжирч, хэд хэдэн цэцэрлэг сургууль шинээр баригдаж ачаалал багасаж, хүүхдийн сурах орчин нөхцөл сайжирсан талаар дурдаж, Төрийн албан хаагчдын зүгээс Төрийн үйлчилгээний 9 байгууллага түрээсийн байранд үйл ажиллагааг явуулж байсныг цэгцлэн, энэ оноос Төрийн үйлчилгээний цогцолбор барилга баригдаж эхэлснийг ихэд сайшаан хүлээн авч, талархаж байгаагаа илэрхийлж байсан юм. 

Мөн иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөнд хамгийн ихээр хохирол учруулдаг үер усны аюулыг бууруулах хүрээнд үерийн далангийн ажлыг хурдацтай явуулж, осол аваар хамгийн ихээр гарч хүний амь насанд аюул учруулж байсан аймгийн төвөөр явдаг замыг өлгий хотын дээгүүр 200 метр төмөр бетон гүүрийн хамт барихаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас холбогдох Тендерийн худалдан авах ажиллагааг зарласан байгаад баяртай байгаа талаараа тус тус илэрхийлсэн аж.

Иргэдийн зүгээс Монгол Улсын засгийн газраас хийж хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд талархахын хажуугаар цаашид төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалтыг илүү хүртээмжтэй, нээлттэй явуулан, дээд боловсрол эзэмшсэн залуусаа нутагт нь ажиллахад дэмжлэг үзүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх талаар анхаарал хандуулж өгөхийг хүссэн юм.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан