БАРИЛГЫН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 93 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Барилгачид аа, 
                         

            Монгол улсын бүтээн байгуулалтын талбар болох Барилга, хот байгуулалтын салбарыг хөгжүүлэх үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа нийт ажиллагсад, инженер техникийн ажилтан та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 93 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. 

    Манай салбарынхан инженерийн болон барилга архитектур, экстерьер, дизайны цогц шийдэл бүхий орчин цагийн барилга, байгууламжуудыг сүндэрлүүлж, хот байгуулалтын салбараа  өргөжин хөгжүүлсээр байгаа билээ. 

Барилга бүтээн байгуулалтын салбарын үйл ажиллагаа 2019 онд өргөжин тэлж, хөрөнгө оруулалт нэмэгдэж томоохон бүтээн байгуулалт өрнөсөн жил болж байна. Барилгын салбараас Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулсан хувь хэмжээ 2019 оны хагас жилийн байдлаар 9.3 хувиар буюу 230.7 тэрбум төгрөгөөр өсөж, Улсын хэмжээнд хийгдсэн барилга угсралт, их засварын хэмжээ энэ оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 1.8 их наяд төгрөгт хүрч нэмэгдлээ. 

Барилгын салбарын ажиллагсдын цалин 2016 онтой харьцуулахад 30.7 хувиар нэмэгдэж, энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 1 сая 123 мянган төгрөгт хүрч, жил бүр 8-9 мянга орчим суралцагч, инженер, техникийн ажилтнаар хүч сэлбэн өргөжиж байна. 

Бид салбарынхаа дунд хугацааны бодлогоо тодорхойлж Засгийн газрын 2019 оны 70 дугаар тогтоолоор “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ыг батлуулан хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд Төрийн бодлогын залгамж чанар, салбар хоорондын уялдааг сайжруулах, салбарын хөгжлийг судалгаанд суурилсан техникийн нэгдсэн бодлогоор хангах, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой ахиц гаргах нөхцөл бүрдэж байна. 

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, төв, суурин газарт амьдардаг өрхүүдийн дийлэнх олонх нь өөрсдийн худалдан авах чадварт нийцсэн, монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай орон сууцтай болох нөхцөлийг бүрдүүлэх юм. 

Барилга, хот байгуулалтын яам нь Засгийн газраас дэвшүүлсэн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, эрх зүйн орчинг боловсронгуй болгож, салбарын хэмжээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн ажиллаж, эхнээсээ үр дүнд хүрч байна.

“Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг батлуулан, Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг хоёр дахин, түрээсийн орон сууцны санг 1542 айлаар нэмэгдүүлэн Говь-Алтай, Хөвсгөл, Орхон, Улаанбаатар хотод түрээсийн орон сууц барьж, ашиглалтад орууллаа.  

БНСУ-ын Засгийн газраас Монгол улсад олгох нэн хөнгөлөлттэй 500 сая ам.долларын зээлээр “Солонго-1”, “Солонго-2”, “Баянголын ам” зэрэг нийт 8000 орчим айлын түрээсийн орон сууцны санг бүрдүүлэхээр 2019 оны гуравдугаар сард БНСУ-ын талтай санамж бичгийг байгууллаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд баригдах “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг баталж, газар чөлөөлөлт, дэд бүтцийн ажил эхэллээ.  

Нийтийн аж ахуйн, инженерийн дэд бүтцийг сайжруулах зорилгын хүрээнд  БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийг эхлүүлж, хуримтлагдсан лагийг бүрэн боловсруулах, үнэргүйжүүлэх, дахин ашиглах технологи нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Мөн гадаадын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд бүх аймгуудад биологи цэвэрлэгээний өндөр бүтээмжтэй цэвэрлэх байгууламж барих ажил эрчимтэй өрнөж байна. 

Хот, суурин газрууд барилгачдын маань уран гараар тасралтгүй хөгжин цэцэглэж буй бахархлын цаана барилгын салбарт ажиллаж буй та бүхний оюун ухаан, нөр их хүч, хөлс шингэсэн хөдөлмөр бий гэдгийг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. 

Их бүтээн байгуулагч барилгачдын маань үйлс нь улам өөдөө байж “Шинэ бүтээн байгуулалт”-ын төлөө сэтгэл, зүтгэл нэгдэн урагшилна гэдэгт итгэлтэй байна. 

Та бүхний улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө бүтээн байгуулсан үйлс бүхэн дэлгэрэх болтугай.


                МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
                МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
                БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД     
          Х.БАДЕЛХАН


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан