“ГАЗРЫН БИРЖИЙН ЦАХИМ ТӨВ” НЭЭГДЛЭЭ

Газар, газрын харилцаатай холбоотой бүхий л мэдээлэл иргэдэд нээлттэй болж, үйлчилгээ улам ойртож эхэллээ. 

Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар нь газрын барьцаа, түрээсийн бүртгэл хийх, зах зээлийн үнийн мэдээллийг нэг дор цуглуулсан нэгдсэн мэдээллийн сан бий болгож иргэд, олон нийтэд үйлчлэх зорилгоор Газрын биржийн цахим систем буюу www.mle.mn сайтыг хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлээд байна. Үйл ажиллагаагаа улам хүртээмжтэй болгох үүднээс Нийслэлийн газар зохион байгуулалтын албатай хамтран “Газрын биржийн цахим төв”-ийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Дүнжингарав” дахь салбарт байгуулж өнөөдрөөс иргэд, олон нийтэд үйлчлэхэд бэлэн боллоо.

“Газрын биржийн цахим төв”-ийн нээлтийн үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү болон бусад төлөөлөгчид оролцлоо. 

Газрын биржийн цахим төвийг нээж Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар үг хэлэхдээ: “Анх 2003 онд Газрын тухай хууль батлагдан гарснаас хойш газар болон газартай холбоотой өмчийн харилцаа улам боловсронгуй болохын хэрээр газрын биржийн цахим системийг нэвтрүүлэх шаардлага үүсэж, уг системийг хөгжүүлж байна. Үүний нэг тод жишээ нь цаг үеэ даган өнөөдөр байгуулж буй энэ төвийн үйл ажиллагаа юм. Нийгмийн харилцаанд төрийн захиргааны хүнд суртлыг цахимжих тусам халж арилган ил тод нээлттэй, шилэн тунгалаг, боловсронгуй болгоно. Цаашлаад бид төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдааг энэ төвөөр дамжуулан явуулах боломжтой болж байна. Энэ төвийг бид аймаг, орон нутагтай холбож улсын хэмжээнд газрын нэгдсэн сан бүхий сүлжээтэй болж байна” гэдгийг тэмдэглэн хэллээ. 

“Газрын биржийн цахим төв”-өөр дамжуулан Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-тэй холбоотой бүх үйлчилгээг авахын зэрэгцээ Лавлах үйлчилгээний нэгдсэн систем “Call center” болон Газрын бүртгэлийн тэмдэгтийн хураамж төлөх “Гэрэгэ Киоск”-оор үйлчлүүлэх боломжтой боллоо.

Газрын бүртгэлийн тэмдэгтийн хураамж, Газрын гэрчилгээний хураамж, Кадастрын зургийн үнэ, Барьцааны бүртгэлийн хураамж, газар эзэмших, ашиглах эрх олгосон захирамжийн лавлагааны үнэ төлбөр, газар эзэмших ашиглах гэрчилгээ үрэгдүүлсний торгууль, Дуудлага худалдааны дэнчин, хураамжийг “Гэрэгэ Киоск”-оор төлөх боломжтой. 

Харин Газрын биржийн цахим систем /www.mle.mn/-ээс иргэд, олон нийт газар өмчлөх, эзэмших, ашиглах болон эрхээ бусдад шилжүүлэхтэй холбоотой арилжаа, газар өмчлөх, эзэмших, эрхийн барьцааны лавлагаа, газар болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээ мэдээллийг авах боломжтой.  

Лавлах үйлчилгээний нэгдсэн Call Center /7777-1285/ нь Газар өмчлөх, эзэмших, ашиглахад бүрдүүлэх материалын жагсаалт, Газрын төлбөр төлөх дансны дугаар, үзүүлж буй үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллээр хангаж, мессенжэр болон CMC лавлагаа үйлчилгээ үзүүлэх юм. 

Газрын биржийн цахим систем /www.mle.mn/ нь Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтэц, Газрын кадастрын мэдээллийн сан болон бусад байгууллагын мэдээллийн сантай шууд холбогдон ажиллах боломжтой, ашиглахад хялбар байдлаар хөгжүүлсэн бөгөөд иргэд, олон нийт гар утас, таблет, компьютер ашиглан өөрийн оролцохыг хүссэн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад байршил харгалзахгүйгээр хамрагдаж, газартай холбоотой мэдээ, мэдээллийг авахын зэрэгцээ газрын дуудлага худалдаа, түрээсийн зараа оруулж арилжаалах боломжийг бүрдүүлэн өгчээ. 

Газрын биржийн цахим системийг 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, 330 сумын Газрын даамлууд үйл ажиллагаандаа ашиглаж байна. 

Цаашид Газрын биржийн үйл ажиллагааг өргөжүүлж газрыг эрэлт хэрэгцээ, зориулалт, хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд нийцүүлэн хөгжүүлэлт хийгдэж бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх үүднээс газрын сан байгуулж, газар хөгжүүлэлт хийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ


 


Сэтгэгдэл байхгүй байна

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.
Шинэ мэдээ
Их уншсан